Улсын Онцгой комисс хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Улсын Онцгой комисс хуралдав

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, Увс аймгийн Дулааны цахилгаан станцын талаар авч хэлэлцлээ. Дээрх Дулааны цахилгаан станцын хоёр, гуравдугаар зуухнуудын ажиллагааны горим алдагдсанаас Увс аймаг хөлдөх аюулд орсон байна. Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 40 гаруй аж ахуйн нэгж хөлдөлтөд өртсөн гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Улаанбаатар хотоос холбогдох хүмүүс очиж газар дээр нь ажилласны хүчинд гуравдугаар зуух өнөөдөр ажиллаж буй. Гэхдээ ганц зуух 240 тонн усыг халааж, дулаан дамжуулж байгаа учраас 50 градусаас өндөр дулааныг гаргах боломжгүй. Гуравдугаар зуухыг ажиллагаанд оруулах шаардлагатай тоног төхөөрөмжийг ОХУ-руу захиалсан удахгүй оруулж ирнэ, шаардлагатай хөрөнгийг Засгийн газар шийдвэрлэж өгөхгүй бол өр нэхэгдээд байна гэдэг асуудал ч хуралдааны үеэр хөндөгдлөө.

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга н.Баярбаатарын хэлснээр бол Увс аймгийн дулааны цахилгаан станцад одоо төрөөс дорвитойхон хөрөнгө гаргаж, засварлахгүй бол ирэх өвөл энэ өвлийнхөөс ч хүнд байдалд орно гэж анхаарууллаа. Тус дулааны цахилгаан станц хувийн мэдлийнх. Тиймээс төр эзэмшилдээ буцаан авч, хөрөнгө зарахгүй бол хувьчилж авсан компанид найдахад бэрх байна гэв. Учир нь өнгөрсөн намар салбарын яамнаас өвөлжилтийн бэлтгэл явцыг хэрхэн хангаж байгаатай танилцах үед тус дулааны цахилгаан станцынхан шаардлагатай засвар үйлчилгээг хийсэн гэж мэдэгдэж байсан аж. Зуух нь ч гайгүй ажиллаад байсан. Гэтэл идэр ес тачигнах үед аймгаа хөлдөөх аюулд учруулсан. Аймгийг байтугай Дулааны цахилгаан станц нь ч өөрөө хөлдөх онцгой нөхцөлд ажиллаж буй. Тиймээс тус станцыг төр мэдэлдээ авах хэрэгтэй байна гэлээ.

Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд хэлэхдээ “Үндсэн хуульд шаардлагатай гэж үзвэл төр хувьчилсан өмчөө буцаан авч болно гэж заасан байдаг. Энэ бол зөвхөн дулааны цахилгаан станцын асуудал биш, цаана нь ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашиг хөндөгдөж буй учраас Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, зохих шийдвэрийг гаргуулах болно” гэлээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж