Концессийн анхны гэрээ-нүхэн гарц

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Концессийн анхны гэрээ-нүхэн гарц

Улаанбаатар хотын концессийн гэрээгээр хийх ажлын жагсаалт бэлэн болжээ. Үүнийг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах хэрэгтэй гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэлэв. Тиймдээ ч нийслэлийн удирдлагууд өчигдөр хувийн хэвшлийнхнийг урьж концессын гэрээгээр хийх бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж, гэрээг хэрхэн байгуулах, ямар нөхцөлтэй байх талаар халуун яриа өрнүүлсэн юм. Хуулийн дагуу бол орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ жагсаалтыг батлах учиртай. Үүний дагуу НИТХ концессын жагсаалтыг баталж, нийтдээ 100-гаад ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөсөн байна. Харин энэ ондоо багтааж 45 багц ажлыг эхлүүлэх аж. Дотор нь ангилж үзвэл төрийн өмчийн барилга байгууламж, орон сууц, зам барилга, соёл урлаг, эрүүл мэнд гэх мэт найман салбарт энэ гэрээгээр бүтээн байгуулах 70 орчим ажил багтжээ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар энэ онд Улаанбаатар хотод 79 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Улсын нийслэлийн хувьд энэ тоог учир мэдэх хүмүүс чамлаж байгаа юм. Харин төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй ажлуудыг хувийн хэвшлийн хөрөнгөөр байгуулахаар болж, хувийн хэвшлийнхийг хэлэлцээрийн ширээнд урьжээ.  Нийслэлийн концессын зөвлөлийг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт ахлах болж. Түүнчлэн концесс эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг ч  байгуулсан байна. Энд хотын удирдлагууд, холбогдох газрын дарга нар бүгд багтаж, зарим хүн гурван ч сонгон шалгаруулах ажлын хэсэгт багтжээ.

Бид концесс гэж сүүлийн жилүүдэд их ярих болсон ч өдгөө концессын гэрээгээр боссон нэг обьект алга. Харин нийслэл энэ ажлыг эрчимжүүлж хамгийн эхний концессын гэрээг нүхэн гарцаар хийх гэнэ. Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай, замын хөдөлгөөний ачаалал их таван газарт нүхэн гарц барина. Ингэхдээ хувийн хэвшлийн туслалцааг авч концессын гэрээгээр хийх ажээ. Тухайлбал, хуучнаар Ард кино театр-Монголбанкны дундуурх авто замын доогуур нүхэн гарц барих юм байна.  Мөн түр оршин суух орон сууцны тендерийг зарлахад бэлэн болжээ. Концессын бусад жагсаалтаас сонирхуулахад оношилгооны төв, усан бассейн спортын төв, хүүхдийн номын ордон, 12 чиглэлийн авто зам гээд хотын иргэдэд үгүйлэгдэж байгаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн томоохон бүтээн байгуулалт байна.

Концесс гэж урьд өмнө байгаагүй цоо шинэ ажлыг нэвтрүүлэх тухай сүүлийн үед эрчимтэй яригдаж, өнгөрсөн онд хууль нь батлагдсан юм. Иргэд, компани аж ахуйн нэгжийн дунд мэдээлэл өгөхөөр Төрийн өмчийн хороо хэд хэдэн цуврал сургалт зохион байгуулж буй. Үндсэндээ төр зайлшгүй буй болгох шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн тусламжтайгаар гүйцэтгэнэ гэж хэлж болох. Энэ нь төрд ч компанид ч иргэддээ ч ашигтай байх дэлхийд түгээмэл хэрэглэдэг сонгодог загвар юм. Хувийн хэвшлийнхний дунд байдаг түгээмэл ойлголт бол концессийг эргэн төлөгдөх зээл гэж боддог. Төрийн санал болгосон сургууль цэцэрлэгийг барьчихья. Харин төлбөрөө хэзээ төлөх вэ гэсэн асуулт тэдэнд байдаг. Энэ нь ташаа ойлголт бөгөөд үүнийг халах цаг болсон гэж нийслэл хотын концессын зөвлөлийнхөн уулзалтын үеэр хэлж байв. Гэхдээ хамтаръя гэсэн бүхнийг хүлээж авахгүй, сонгон шалгаруулна. Төртэй хамтрах гэж байгаа компани нийгмийн хариуцлагынхаа дагуу дор хаяж нэг тэрбум төгрөгийн ажил хийсэн байх босго шаардлагыг тавьж байгаа юм байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж