Утаа улстөрчдийн бизнес

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Утаа улстөрчдийн бизнес

“Аргалын
утаа боргилсон малчны гэрт төрсөн би” хэмээн монгол хүн аргалын хөх
утаат гэрт төрснөөрөө бахархан шүлэглэсэн  байдаг. Утаатай гэрт төрсөн
хэн бүхэн дээрх яруу найргийн мөрийг ишлэн хэлж, бахархан ярьдаг байсан
үе саяхан. Уншигч та утааг магтан дууллаа гэж бүү санаарай. Японы нэгэн
эрдэмтэн судалж үзээд “Аргалын утаанд элдэв өвчлөлийн 300 орчим нян
устгагч бодис байна” хэмээсэн. Харин эдүгээ “цаг цагаараа байдаггүйн
үлгэр дуусч, бүх л зүйл өөрчлөгдсөн. Нэгэн цагт “Азийн цагаан дагина”
хэмээн бахдан дуулж байсан Улаанбаатар маань дайны талбар шиг утаан
дундаа дуниарч байна. Бидний өмнө тулгараад буй уг гамшгийг арилгахын
төлөө санаа зовнисон хүн олон бий байх. Ялангуяа ил санаа зовсон олон
улс төрчид бий. Чухам цаанаа ямар санаа бодолтойг тэр бүрий хүн
мэдэхгүй.  Одоогоос бараг 20 жилийн өмнөөс л утааны тухай ярих болсон.
Гадна дотны хөрөнгө оруулалтын малгай дор толгойд багтамгүй их мөнгөөр
гараа угаасан улс бол манай улстөрчид. Энэ бүх мөнгийг зөв зарцуулсан
бол Улаанбаатарыг утаанаас нь салгаад зогсохгүй ахиад нэг хот
сүндэрлүүлчихсэн байх биз. Тэгэхээр утаа бол улстөрчдийн ганц бизнес
нь.болж хувираад байгаа юм. Ерөөсөө утааны эсрэг төсөл хэрэгжүүлж,
халаасаа зузаалах зорилгоор улс төрд зүтгэдэг гэхэд тэгтлээ гажихгүй
биз. Хамгийн сүүлд гэхэд л   “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн
хүрээнд “Утаагүй Улаанбаатар”  хэмээх  төсөл боловсруулж 18  их наяд
төгрөг батлуулчихсан. Энэ бол санаанд багтамгүй их тоо. Чухам хэдэн
хүний хоол энд байгааг таахад бэрх. Зүтгүүлсэн, зүглүүлсэн, зөвлөсөн,
санаачилсан, дэмжсэн гээд лав тав хуваагдах байх. Тав бүү хэл 5000
хуваасан ч их мөнгө шүү дээ. Энэхүү төсөл өнгөрсөн 2010 оноос 2021 оныг
хүртэл хэрэгжих ёстой. Нэг ёсондоо  утааг ангижруулах ажлын цаг нь
эхэлчихсэн гэж хэлж болно.

Гэтэл энэ өвлийн байдлаас харахад   өнөөх утаа нэмэгдсэн  үү гэхээс
хасагдсан зүйл ер алга. Бүр утаанаас болж ургийн гажигтай  ч гэсэн амьд
хүүхэд  төрдөг байсан бол хоёр уушгиндаа хатгаатай ураг төрж эндэх
үзэгдэл хэвийн боллоо. Энэ бол үндэсний эмгэнэл. Улаанбаатар хот маань
цаасан дээр л утаагүй өвөлжиж байх шиг байна. Төрийн эрх барьж байгаа
улс төрчдийн хувьд бол утаанаас салах төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж
байгаа. Тэр нь утаагүй түлш,  утаагүй зуух яндангаа зарах нь хамгийн зөв
арга ч  гэх шиг    амны уншлага болсон шахуу зүйлсээ ужигруулж яриад
төрөөс хэдэн төгрөг салгачихна. Ингээд бодохоор утаагаар далимдуулж  
улстөрчид төрөөс мөнгө сааж,  харин утаа нь нийслэлчүүдийн эрүүл мэндийг
залгидаг  гажиг  зүйл болж байна.  

Тэгэхээр бид утаатай тэмцэх тухай толгой гашилгаж суухаар улс
төрчидтэйгээ тэмцэх хэрэгтэй болж байна. Тэдэнд ард түмнээ хайрлах,
үндэстэн улсаа гэх сэтгэлийг суулгаж өгч  чаддаггүй юм гэхэд ядахад
өөрсдийнхөө эрүүл мэнд үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй л болгочих юм бол
утаатай тэмцэх мөнгөө халаас руугаа шургуулчихдаг явдал зогсох байх.
Тэгж чадахгүй бол хэдхэн жилийн дараа өнөөх хэд маань бүр уушгины
эмнэлэг хэрэгтэй гээд утаа  тулгууртай бизнесийн аргаа нарийсгачихсан
татвар төлөгчдийнхөө  мөнгөнөөс хээв нэг  нэхэж суух вий дээ.

Б.ДАВАА


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж