Нийлэх саналыг манайх түрүүлж тавиагүй

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Нийлэх саналыг манайх түрүүлж тавиагүй

МНН-ын дарга Д.Энхбатыг  
намаасаа хөөсөн шийдвэр гаргаснаа тэд албан ёсоор саяхан мэдээлсэн. МНН,
ИЗН-тай нэгдэх тухай яригдаж байгаа энэ үед  дээрх шийдвэрийн талаар
ИЗН-ынхан ямар байр суурьтай байгааг тус намын дарга С.Оюунаас
сонирхлоо.

-Танай нам МНН-тэй  нэгдэх тухай асуудлыг МНН-ын зарим гишүүд 
эсэргүүцэж намын  даргаа хөөх тухай шийдвэр гаргасан. Хоёр нам нэгдэж
амжаагүй байхад асуудал үүсч эхэлж байна. Та үүнийг хэрхэн харж байна
вэ?

-Ногоон намын дунд гарч байгаа асуудал надад ч гэсэн хэцүү байна.
Тус намаас манай намд нэгдэе гэсэн хүсэлтээ өнгөрсөн жил өөрсдөө эхэлж 
тавьсан.  Бидний зүгээс нэгдэе гэсэн  асуудал түрүүлж  тавиагүй. Ногоон
намынхан доторх асуудлаа олонхиороо  хэлэлцээд манай намтай  нэгдэх
шийдвэр гаргасан хэмээн бидэнд хэлсэн.  Түүнчлэн тус намын их хурал
гуравдугаар сард хуралдах ёстой байгаа. Гэтэл өнөөдөр нам дотор нэгдэнэ,
нэгдэхгүй гэсэн байр суурьтай хүмүүс байгаа юм шиг байна. Тиймээс
гуравдугаар сард болох их хурлынх нь шийдвэрийг бид хүлээж байна. Тус
хурлаас олонхиороо манай намд нэгдэнэ гэсэн шийдвэрээ гаргачих юм бол
хүлээж авахад бэлэн байгаа.

-Хэрэв  эсрэг санал гарвал яах вэ?

-Мэдээжийн хэрэг үгүй гэсэн санал ирвэл   заавал нэгдээд байх шаардлага
алга байна.  Даргаа хөөлөө, барилаа гэж яриад л байна. Үнэхээр хөөх эрх
нь тус намын ёсзүйн хорооных нь даргад байдаг эсэх тухай  намынх нь 
дотоод асуудлыг мэдэхгүй юм. Тэгэхдээ надад бол жаахан онигоотой
санагдаж байна. Парламентад ганц, ганцхан суудалтай намууд томхон хоёр
намынхаа өөдөөс олигтойхон чанга дуугарч, сөрөг хүчнийхээ ажлыг сайн
хийж чадахгүй байж дотроо нийлэх нийлэхгүй гэсэн асуудал дээр хэрэлдээд
байхаар ичиж байна. Тэгэхээр МНН дотроо үүсээд байгаа замбараагүй
асуудлаа  шийдсэний дараа  манай намынхан байр сууриа илэрхийлэх
бодолтой байгаа.  Учир нь бид нийлье гэсэн саналыг түрүүлж  тавиагүй.
Жижиг сажиг хэрүүл нь үнэхээр таагүй санагдаж байна.

-Таныг Ногоон намыг зориуд устгахаар нэгдэх гэж байна гэсэн зүйл сүүлийн үед яригдах болсон. Үнэхээр тийм асуудал байгаа юм уу?

-Сүүлийн үед  зарим нэг мэдээллийн хэрэгслээр уул уурхайн захиалгаар
Ногоон намыг устгаж байгаа  гэсэн зүйл яригдах болсон . Энэ бол үнэхээр
санаанд оромгүй зүйл. Надад тийм асуудал байх ч үгүй. Тэгэх ч шаардлага
байхгүй. Тэгэхээр Ногоон намынханд  дотроо  л учраа олцгоо гэж хэлмээр
байна.

Б.ДАВАА


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж