Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Сакура ба Царс

Оросын дипломатч Всеволод Овчинниковын арлын тэргүүлэгч хоёр гүрэн Япон,
Английн тухай харьцуулан бичсэн "Сакура и Дуб" ном анх 1983 онд
хэвлэгдэн олны хүртээл болж, 1985 онд уран сайхны нийтлэл ангилалд
төрийн шагнал хүртсэн юм. Тэр үед уг номыг нэг амьсгаагаар уншиж
байлаа. Хориод жилийн дараа шарласан хуудастай номоос нэг юм харахаар
эргүүлтэл бас л сонирхолтой байсан тул эхнээс дуустал дахин уншчихав.
Ахин уншихад анх уншиж буй мэт амттай байсан энэ сайхан номын талаарх
бодлоо блогчидтойгоо хуваалцая.

Япончуудын тухай өгүүлэх "Ветка
Сакуры" буюу "Сакурын мөчир" хэмээх номын эхний хагас тухайн үндэстний
зан заншил, нийгмийн бүтэц, хүн зоны ааш араншангийн онцлог, соёлын
тухай ихэд гярхай хошин өгүүлсэн тул илүү сонин байв.
Англичуудын
тухай бичсэн "Корни Дуба" буюу "Царсын үндэс" гэж нэрлэгдсэн сүүлийн
хагаст англичудын онцлог араншинг ангит нийгмийн уршиг гэх мэт
коммунист дүгнэлт цөөнгүй хавчуулсан нь сонирхолтой баримтуудыг
бүдгэрүүлэх мэт сэтгэгдэл төрж байсан ч бас л сонин байлаа.

Япончуудын
гоо сайхны үнэлэмж саби, ваби, сибуй, югэн гэх дөрвөн тулгуур
ойлголтоос бүрддэг гэнэ. "Сабу"-эртний сайхныг тодорхойлох зэвэрсэн
гэх утгатай үг. "Ваби" нь энгийн байгаагаараа байхын гоо сайхныг
илэрхийлсэн, хэт содон марзан чимиг сэлтийг үгүйсгэсэн үзэл . "Сибуй" –
төгс төгөлдөр бус унаган төрхөөрөө байгаа бүхэн юм юмнаас илүү гоо
сайхан, цаг хугацаа улирах тутам юмсын угшил нь улам тодорч сайхныг
нь ил гаргана гэх үзэл. "Югэн"-гүйцэт эс өгүүлэх, ёгт далд утга бүхий
үг хэлцээр санаа бодлоо илэрхийлэх урлаг.

Английн боловсролын
систем, тэдний хүүхэддээ хандах хандлага их сонин санагдлаа. Хүүхэддээ
их хатуу ханддаг эцэг эхийн хайраа сэтгэлийн гүндээ нууж, сэтгэлийн
хөдөлгөөнөө ил гаргадаггүй биеэ барьдаг атлаа нохойтойгоо бол чөлөөтэй
нялуурч сайн муугаа ний нуугүй гаргадаг сонин улс гэнэ. Хүүхдийг ямар
сургуульд сургаснаар ирээдүйд тэдний нийгэмд эзлэх байр суурь
тодорхойлогддог юм байна. Хүүхдээ бүр хар багаас нь гэрээс нь гаргаад
нийтийн байртай, нэр хүндтэй, өндөр өртөг хувийн дунд сургуульд
оруулж чадвал, Кембридж, Оксфорд университетын аль нэг нэртэй колледжид
элсэх магадлал өндөр. Тэгээд тэр дээд сургуулиа төгсөж чадвал тухайн
сургуулийн галстук эзэмшигч болох бөгөөд цаашид насан туршид нь ажил
бүтэмжтэй болох эсэх, карьер хийн өсөн дэвжихэд нь галстук нэгтэн бүр
өөрийн хүн гэж хүлээж авах тул томоос том "арын хаалгатай" болдог шиг.
Эдгээр сургуульд нарийн мэргэжил гэхээсээ улс орон том компани удирдах
арга барил, гол нь удирдагч төлөвшүүлдэг гэнэ. Англи маягийн удирдах
ажилтан болохын тулд хүүхдийг юуны өмнө өл даах, хүйтэн халуунд
тэвчээртэй гээд сэтгэлийн хаттай болгодог байна. Сургууль хичнээн
үнэтэй нэртэй байна, тэнд хүүхэд төчнөөн өлсөж даарч ахлах ангийнхандаа
дэглүүлсээр хатууждаг улмаар бэрхшээлийг инээмсэглэж байгаад давах
чадвартай, үгээ цэнэсэн даруухан нөхөр болох ёстой бололтой. Англи
хүмүүс ажлын бус цагаар ажил мэргэжлийн талаараа огт ярьдаггүй, ер нь
ямар нэг юманд мэргэшсэн мундаг, алдар цуутай хүн гэдгээ гэдгээ зарлаад
байдаггүй, хүний дотоод амьдрал руу өнгийдөггүй, өөрийнхийгөө ч нийтэд
цацаад байдаггүй. Ойр зуурын гэрийн гадаах цэцэрлэгтээ ямар мод цэцэг
тарьсан, үргэлж үүлтэй бүүдгэр цаг агаарынхаа тухай, чөлөөт цагаа
хэрхэн юү сонирхон өнгөрөөдөг зэргээ хөөрдөг улс юм байх.

Гадаад
хэл сурахад дүрэм тэгээд үгийн нөөц гэж нэг аймаар даваа байдаг . Үг
болгон ямар нэг утга илэрхийлдэг. Тэр нь цаанаа тухайн үндэстний зан
заншил, түүхтэй нь ямар нэг сэжмээр холбогдсон байдаг. Тэр бүхнийг
мэдэхгүй гадны хүн гадаад үг хэлц бүрийг төрлөх хэлнээ буулгаж өөрийн
соёлтой холбон ойлгодог болохоор харь хэл наалдац муутай байдаг шиг.
Хэл яриа тухайн үндэстний сэтгэлгээний толь, соёлын илрэл билээ. Энэ нь
ялангуяа хошигнол дээр их тод илэрдэг. Монгол хэлний зүйр цэцэн үгс
шигтгээлсэн сайхан хэллэгтэй, манай ардын егөө, хошигнол ихтэй зөвхөн
монгол хүн л амтархан уншдаг ном зохиолыг орчуулахад чухам тэр тансаг
амт нь гадаад хэлэнд хир буухыг мэдэхгүй.

http://ganga-cz.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж