Шалгалтын тест задрах боломжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Шалгалтын тест задрах боломжгүй гэв

Элсэлтийн ерөнхий шалгалтын тест задрах боломжгүй гэв.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд  40 мянга орчим хүүхэд их дээд сургуульд элсэн орж шалгалт өгнө. Шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 22-нд дуусах юм байна. Гэтэл иргэний үнэмлэхгүйгээс болж бүртгүүлэх боломжгүй болоод байна гэсэн асуудал яригдаж байсан. Гэтэл УБЕГ-аас “Яаралтай иргэний үнэмлэх гаргахыг түр хугацаагаар хойшлуулжээ. Гэхдээ сурагчид элсэлтийн шалгалтын бүртгэлд хамрагдан тухайн сурагч өөрөө хүсэлт гаргавал шуурхай гаргаж өгнө. Тиймээс иргэний үнэмлэхнээс болж асуудал үүсэхгүй” гэж Нийслэлийн бүртгэлийн газрын иргэний үнэмлэх олголтын хэлтсийн дарга Г.Энхтайван хэлж байсан. Өнгөрсөн жил шалгалтын тест Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудад задарсан гэсэн мэдээлэл олны дунд байсан. Харин энэ жилийн хувьд шалгалтын тест задрах боломжгүй гэдгийг албаны хүмүүс ярьсан. Бид элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ч.Отгонцэцэгээс тодруулсан юм.

-Өнгөрсөн жил Сэлэнгэ, Орхон аймгуудад шалгалтын тест задарсан гэсэн мэдээлэл яригдаж  байсан. Энэ жил давтагдахгүй гэх баталгаа бий юу?

-Тест задрах ямар ч нөхцөл байхгүй. Боловсролын үнэлгээний төвөөс маш өндөр хамгаалалтын түвшинд хийгдэж битүүмжлэгддэг учраас задрах боломжгүй. Өнгөрсөн жил хүмүүс худал цуу яриа гаргаж байсан. Шалгалтын материал задарсан асуудал гараагүй. ЭЕШ-ын сэдэв даалгаврыг БҮТ-ийн даалгаврын сангаас блупринтээр зохицуулан санамсаргүй түүвэрлэх аргаар сонгон тухайн хичээл тус бүрээр авах шалгалтын сэдвийг бэлтгэнэ.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд 10 хонож байна. Сурагчид бүртгэлдээ хэр хамрагдаж байна?

-Өнөөдрийн байдлаар 300 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийлгэсэн. Өнгөрсөн  жилийг бодвол сурагчид бүртгэлд идэвхитэй хамрагдах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч цаг хугацааг хойшлуулалгүй бүртгүүлвэл хоцорч асуудал үүсэхгүй гэдгийг сурагчид анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд, эцэг эхчүүд бүртгүүлэхээсээ өмнө манай төвийн зөвлөгөө, мэдээллийн төвд өөрсдийн биеэр  ирж уулзаж, холбогдох зүйлүүдийг тодруулж байгаа. Бүртгэлийн талаар болон их, дээд сургуулийн элсэлт, элсэлтийн журмын талаар асууж лавлаж байна.

-Сурагчид иргэний үнэмлэхгүйн улмаас бүртгэлдээ хамрагдаж чадахгүй байна гэсэн асуудал мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Иргэний үнэмлэхгүй сурагч төрсний гэрчилгээ, гадаад паспорт болон сургуулиас зураг, тамгатай тодорхойлолт авчирч бүртгүүлэх боломжтой. Тиймээс иргэний үнэмлэхгүй бүртгүүлэх боломжгүй гэсэн мэдээлэл буруу.

-Танай зөвлөгөө мэдээллийн төвөөс сурагчид ямар асуудлаар хандаж, зөвлөгөө авч байна вэ?

-Өмнөх жилүүдийг бодвол сурагчид мэдээлэл маш сайн байна. Ихэвчлэн ЭЕШ-ын бүртгэл хэзээ дуусах, яаж хэрхэн бүртгүүлэх, тест эмхэтгэлийн ном хэзээ гарах зэрэг асуудлаар хандаж байна. Бид өдөр бүр 09,00-20,00 цаг хүртэл зөвөлгөө, мэдээлэл өгч байгаа. Энэ жил V,  IX,  XI ангийн сурагчдаас төгсөх шалгалтыг ЭЕШ-ын журмын дагуу тестээр авч байгаа. Шалгалт бүртгэлийн талаар мэдээлэл хангалттай гэж ойлгож болно.

-Гадаадад ерөнхий боловсрол эзэмшсэн сурагчид яаж бүртгүүлэх үү?

-Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ болон гадаад паспорт/, Цээж зураг, гадаадад бүрэн дунд боловсрол түүнээс дээш боловсрол эзэмшсэн дүнгийн хуулбарыг орчуулан нотариатаар батлуулна. Мөн  бүрэн дунд боловсрол түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн үнэмлэх, гэрчилгээг БСШУЯ-аар баталгаажуулж манай төвд ирж бүртгүүлнэ.

-Ерөнхий шалгалтын тестийн эмхэтгэл хэзээ гарах вэ. Сурагчид хурдан гарахыг хүлээж байгаа байх?

-Ирэх сарын эхээр өнгөрсөн жилүүдийн тестийн эмхтгэл гарна. Дөрөвдүгээр сарын эхээр зөвхөн төгсөх ангийн сурагчдад зориулсан10 мянган тесттэй ном гарна. Эдгээр номууд зөвхөн боловсролын үнэлгээний төвөөр зарна. Орон нутгийн сурагч, багш нар боловсрол соёлын газраар дамжуулан авах боломжтой.

-Гадаадын иргэн ЭЕШ өгөхдөө ямар материал бүрдүүлэх бэ?

-Одоогийн байдлаар нэг Солон¬гос хүн бүртгүүлсэн. Гадаадын иргэн бүртгүүлэхдээ Монгол улсад түр оршин суух тодорхойлолт, гадаад паспорт, цээж зураг бүрдүүлнэ. Хэрэв сургуульд сурч байгаа бол тухайн сургуулийн тодорхойлолт зэргийг авчирна.

-Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хураамжийг тухайн банкинд  дансгүй бол заавал ши¬нээр нээлгэх ёстой юу?

-Тухайн банкинд карттай аав ээж, багш, найз нөхөд болон тухайн картны эзэмшигч зөвшөөрсөн тохиолдолд дансны дугаарыг бичиж болно. Хаан, Хадгаламж  банкнаас бусад банкинд данстай бол заавал шинээр нээлгэх шаардлагагүй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж