Уран гулгалтын дөрвөн тивийн АШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын дөрвөн тивийн АШТ эхэллээ

Тайванийн нийслэл Тайпей хотноо 2011 оны уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Тэмцээнд Америк, Ази, Африк болон Австрали тивийн 16 орны 93 гаруй тамирчид уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын уран гулгалт болон мөсний бүжгийн төрөлд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр мөсний бүжиг болон хосын төрлийн богино үзүүлбэрийн тэмцээн болсон байна. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн богино хөтөлбөр, хосын чөлөөт гулгалт, мөн мөсний бүжгийн чөлөөт бүжгийн тэмцээн болж байгаа юм.

Хосын төрөлд Хятадын хос болох Пан Цин, Тун Жянь нар богино үзүүлбэрээр 71,41 оноо авч, одоогоор тэргүүлж байгаа бол Канадын хоёр хос удаахь байруудад бичигдээд байна. Харин мөсний бүжгийн төрөлд богино хөтөлбөрийн дараах байдлаар Канадын Тесса Вирту, Скотт Мойр нар 69,40 оноогоор манлайлж байгаа юм.

Сонирхуулахад, тэмцээний шагналын сан 250 мянган ам.доллар бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн уран гулгагчид тус бүр 15 мянган ам.доллар, харин хосын төрөлд 22500 ам.долларын мөнгөн шагнал хүртэх ажээ. Тэмцээний аваргууд ням гаригт тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж