Тунисийн хөөгдсөн ерөнхийлөгч комд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Тунисийн хөөгдсөн ерөнхийлөгч комд оржээ

Бен Али. Фото: AFP
Төрийн эргэлтээр албан тушаалаа орхисон Тунисийн ерөнхийлөгч асан Зин эль-Абидин Бен Али зүрхний шигдээсийн улмаас ухаангүй байна. Энэ тухай нэрээ нууцалсан “найдвартай эх сурвалжийн” мэдээгээр өөрийн блогдоо Парисийн их сургуулийн дэргэдэх Магрибийн институтын профессор Николя Бо (Nicolas Beau) бичсэн байна.
Түүний мэдээгээр экс-ерөнхийлөгчийг Саудын Жидда хотын хааны эмнэлэгт хэвтүүлсэн ба биеийн байдал нь хүнд байгаа гэнэ.
Бен Али эмнэлэгт хүргэгдсэн талаар дипломат эх сурвалж сэтгүүлч асан Жонатан-Симон Селлемийн (Jonathan-Simon Sellem) эрхлэн гаргадаг Израилийн JSSNews сайтад батлан мэдэгджээ. Түүний мэдээгээр хоёрдугаар сарын 15-нд Бен Али инфаркт миокардын улмаас ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ. Барууны орнуудын эмч нар түүнийг эмчилж байгаа гэнэ.
Бен Алигийн эхнэр Лейла Трабельси Ливи эсвэл АНЭ-д очсон гэж JSSNews давхар мэдээлэв. Эхнэр нь нөхрийнхөө дэргэд байхгүй гэж Николя Бо бичсэн байна. Гэвч мэдээлэл албан ёсны биш.  
Хоёрдугаар сарын 14-нд Хосни Мубарак комд орсон тухай мэдээлсэн байлаа. Түүнийг бараг үхэх гэж байгаа гэсэн боловч тэр мэдээлэл нь албан ёсны биш байсан юм. Түүний эрүүл мэндийн талаар одоо ч тодорхой мэдээлэл байхгүй.
Зин эль-Абидин Бен Али ба Хосни Мубарак хоёр олон хоногийн үймээний дараа албан тушаалаасаа огцорсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж