Дуурийнхан Дархан-Уул аймгийг зорино

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Дуурийнхан Дархан-Уул аймгийг зорино

Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн хүрээнд “Дархан Их Урлаг” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Энэ наадмын хүрээнд Монголын соёл урлагийн байгууллагууд Дархан-Уул аймагт айлчлан тоглолт хийж байгаа юм. Ирэх гуравдугаар сарын 5, 6-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Дархан-Уул аймгийн үзэгчдэд тоглолтоо хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэд нийт дөрвөн тоглолт хийх бөгөөд Б.Дамдинсүрэн, Б.Смирновын “Учиртай гурван толгой” дуурь, Э.Чойдог “Чойжид дагина” балет, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет болон уран бүтээлдчийн нэгдсэн гала тоглолтыг хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, хатагтай Б.Сэргэлэн хэлэхдээ “Бид Дархан-Уул аймагт 150 хүний бүрэлдэхүүнтэй хоёр өдөр дөрвөн тоглолт хийнэ. Найрамдлаар овоглосон Дархан хот бол 50 жилийн өмнө Бурхантын хөндийд төр засгийн ухаалаг бодлогоор байгуулагдсан, үйлдвэрийн бүтээн байгуулалтын хот юм. Монголын XX зуны хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хот гэж үздэг. Бид хорин жил завсарласны дараа Дархан хотод очиж тоглолтоо хийж байсан харин одоо таван жилийн дараа очиж тоглолтоо хүргэх гэж байна. Манай театрын хувьд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнө очиж тоглоно. Тоглолтынхоо хүрээнд бид сая Дарханд очоод ирлээ “Дархан” зочид буудал бидэнтэй найрсаг хандаж, биднийг дэмжиж, зочид буудалдаа хөнгөлөлттэй үнээр байрлуулах болсон. Мөн хамтран ажиллах хүмүүсийг хайж байгаа, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монголын сонгодог урлагийн дүр төрх, өнөөдрийн бид нарын хийж байгаа бүтээж байгаа бүтээл маань хэр түвшинд байгааг Дуурийн театртаа тоглож байгаа энэ л хэмжээндээ тоглож үзүүлнэ. Тийм учраас бид дэлхийн сонгодог балет, үндэсний дуурь, балетаа хүргэхээр төлөвлөсөн. Харин төгсгөлд нь гала тоглолтоо хийнэ” гэв.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж