Ард түмэн Ардын Жамахарийн эсрэг

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ард түмэн Ардын Жамахарийн эсрэг

Ливийн Жамахарид болж байгаа Засгийн газрын эсрэг жагсаалд оролцогсдоос 84 хүн алагдлаа гэж хүний эрхийг хамгаалагч нар мэдээлэв.

Human Rights Watch гэх хүний эрхийн олон улсын байгууллагын мэдээлснээр Ливид сүүлийн гурав хоногийн дотор 84 хүн алагдсан байна. Бенгази хотод хамгийн олон буюу 35 хүн амиа алджээ.

Жалла хотын эмнэлгийн эх сурвалжаар амь үрэгдэгсэд галт суманд өртсөн байсан гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид хэлж байна. Энэ мэдээллийг шалгах аргагүй. Учир нь Бенгазид гадны сурвалжлагч нарыг оруулахгүй байна.

Эмч нарын нэг нь 35 цогцос харсан гэж АР агентлагт мэдээлжээ. Жалла хотын эмнэлгийн эмч сумны шархтай 15 цогцсыг баасан гаригийн өглөөгүүр харсан гэж ВВС агентлагт ярьсан байв. Түүний хэлснээр 13 настай хүү амиа алдсан байжээ.
Ливийн эрх баригчид вебсайтуудыг хааж, эсэргүүцэлтэй районуудад цахилгааныг тасалж байна. Бенгази хотод цахилгаан тасарсан ба шүүхийн байрны дэргэд танкууд зогсоосон тухай гэрч нар мэдээлсэн байв.

Засгийн газар нь буулт хийх маягаар орон нутгийн зарим удирдлагыг солино гэж мэдэгдэв. 

Таван хот дахь эсэргүүцэл
 Үймээн Эль-Байда хотод орж ирсэн байна. Каддафийн дэглэм тэр хотыг хяналтаасаа алдсан гэж хилийн чанадад байдаг Ливийн хоёр тэрслүү байгууллага мэдээлжээ. Түүнийг батлах боломж хомс байна. Ливийн таван хотод үймээнтэй байна, харин нийслэл байдал тайван гэж Каирт суугаа ВВС-гийн сурвалжлагч мэдээлжээ. Триполийн Ногоон талбайд Каддафийг дэмжсэн цуглаан болж, тэр өөрөө хэсэг хугацаанд тэнд байжээ.

"Галаар наадах нь"
Бенгази хотод өнгөрсөн пүрэв гаригт эсэргүүцэл эхлэн баасан гаригт үргэлжилж жагсагчид илүү өргөн эрх чөлөөг хүслээ. Жагсагчид захиргааны хэдэн байр ба аюулгүйн албаны офисийг шатаасан байв.

"Курина" сонины ерөнхий редактор Рамадан Брики ВВС-д мэдээлэхдээ тэндхийн шоронгоос олон хүн оргож, прокурор, банк, цагдаагийн газрыг шатаасан гэлээ. Цагдаа нар 100 орчим хүнийг барьсан гэнэ. Засгийн газрын төв хэвлэл "Захф Ахдар" сөрөг хүчний эсэргүүцлийг хатуу дарах хэрэгтэй гээд “Манай ард түмэн, өгөөмөр засаг төр тэр өчүүхэн бүлэглэлүүдийн зүгээс гарах  ямар ч заналд хатуу бөгөөд хүчирхэг цохилт өгнө” гэж бичсэн байв. “Ардын засаг, Жамахари, хувьсгал, хурандаа Каддафи бол ариун шугам. Хэн түүнийг давахаар оролдож ойртох аваас амиа егүүтгэгч галаар тоглож байгаа нь тэр” хэмээн сонин өгүүлжээ. Хурандаа Каддафи дөч гаруй жил захирч байгаа Ливид олон нийтийн эсэргүүцэл маш ховор үзэгдэл юм.

Сүүлчийн цагуудад 200 орчим хүн үрэгдэж, 800 орчим хүн шархадсан  тухай “Аль-Жазира” телевиз мэдээлжээ. Харин АР агентлаг амь үрэгдэгсдийн тоог 99 гэсэн байв. Ням гаригийн шөнө жагсагчдыг тараахын тулд Бенгази хотод нисдэг тэрэг хэрэглэн армийн ангиудыг оруулжээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж