Банкуудын зээлийн хэмжээ гурван их наядаар өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Банкуудын зээлийн хэмжээ гурван их наядаар өсчээ

Арилжааны банкуудын татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн хэмжээ жилийн хугацаанд 55 хувиар өссөн байна. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл энэ нь 4.5 их наяд төгрөг аж. Үүнийг дагаад банкуудын гадагш гаргасан зээлийн хэмжээ мөн хугацаанд 25 хувиар буюу гурав орчим их наяд төгрөгөөр өсчээ.
Харилцах, хадгаламжийн дансаар дамжин арилжааны банкуудад байршиж буй мөнгө жилийн дотор 4.5 их наяд төгрөгөөр өссөн нь шууд утгаараа бол иргэд, аж ахуйн нэгжийн гар дээрх мөнгө өсчээ л гэсэн үг юм.

Гэхдээ банкны салбар дахь энэ үзэгдэл Монголын эдийн засаг сайжирсныг илтгээд зогсохгүй албан ёсны статистикт дурдаж байгаачлан эдийн засаг ердөө 6.1 хувиар өссөн гэж үү гэх эргэлзээг дагуулж байна. Шуудхан хэлбэл, өнгөрсөн хугацаанд далд эдийн засаг өсчээ. Далд эдийн засгийг  тооцвол Монголын эдийн засгийн бодит өсөлт өнөөдөр 6.1 хувь биш хэдийнэ 10 гаруй хувьд хүрснийг нэг талаар банкны салбар дахь харилцах, хадгаламжийн хэмжээ илэрхийлж буй аж.
Жилийн хугацаанд банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгө даруй тавь гаруй хувиар өснө гэдэг эдийн засаг сэргэж буйг илтгэх сайн мэдээ мөн боловч зөвхөн үүгээр нийт эдийн засгийг хэмжинэ гэвэл учир дутагдалтайг банкирууд сануулж байна.  Тухайлбал, орлого нийгмийн тодорхой хэсгийнхний хүрээнд өссөн үү, нийт хүн амын хэмжээнд өссөн үү гэдгийг банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгөөс мэдэх боломжгүй гэсэн үг юм.

Арилжааны банкууд дахь нийт хадгаламжийн 90 гаруй хувь нь хадгаламж эзэмшигчдийн ердөө гурван хувьд төвлөрч байна гэдэг статистик байдаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн хугацаанд банкуудад нэмж төвлөрсөн 4.5 их наяд төгрөгийн ард хэчнээн хүн байгаа бол гэсэн асуулт гарч таарна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өссөн үү, эсвэл тодорхой хэсгийн орлого өссөн үү гэдэгт одоогоор хариу хэлэх шинжээч алга байна. Харин банкуудын шинээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарим хэсэг гадаад эх үүсвэртэй ч дотоод эх үүсвэр нь давамгайлж байгаа нь тодорхой аж. Таамаглаж байгаагаар бол нийт хүн ам гэхээс илүү хөрөнгө чинээлэг хэсэг нь улам бүр хөрөнгөжсөн байж болох юм байна.

Арилжааны банкуудад итгэх итгэл сэргэж, тэдэнд хадгалуулах хөрөнгийн эх үүсвэр ийн өндөр хэмжээгээр өссөн нь оны эхэн гэхэд хэний ч санаанд ороогүй, өөрөөр хэлбэл, хүлээгдэж байгаагүй үр дүн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Банкуудын байдал ийн сайжирсныг иргэд болон үйлдвэрлэгчид хэдийнэ мэдрээд эхэлжээ. Тэдгээрт олгож буй зээлийн хэмжээ өмнөх жилийнхээс даруй 25 хувь, гурван их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэдэг нь аргагүй илт мэдрэгдэх үзүүлэлт юм. Хамгийн ойрын жишээ гэхэд “Да хүрээ” зах дээрх автомашинуудын борлуулалт цагаан сарын өмнө илт нэмэгдсэнээс өнөөдөр сонголтгүй шахам болоод байгааг ченжүүд ярьж байна. Энэ нь иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэж, худалдан авах чадварт эергээр нөлөөлснийг илэрхийлж байгаа хэрэг юм.

Гэхдээ зах зээл дээрх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрахын хэрээр барааны борлуулалт өсч, нийлүүлэлт нь түүнийгээ гүйцэж чадахгүйд хүрэх аюул байдаг. Нэг үгээр бол эрэлт ихэсч нийлүүлэлт хомсдох тохиолдолд үнэ өсдөг сөрөг үр дагавартай. Өнөөдрийн байдлаар үнийн өсөлт буюу инфляци 13.8 хувьтай байна. ОУВС-гийн тооцоогоор инфляци энэ онд 25 хувьд хүрч магадгүй.

Банкуудын олгох зээлийн хэмжээ өссөн нь зах зээл дээрх барааны эрэлтийг нэмэгдүүлж, хомсдолыг үүсгэж болзошгүй. Гэхдээ үйлдвэрлэгчдэд зээлийн эх үүсвэрээр эргэлтийн хөрөнгө нэмэгдэх нь эргээд барааны нийлүүлэлтийг сайжруулах сайн талтай юм. Эцсийн дүндээ бараа, бүтээгдэхүүний үнийн эрэлт, нийлүүлэлт л тогтоодог шүү дээ.

Банкны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар зээл олголт нэмэгдэхийн хамт зээлийн эргэн төлөлт ч сайжирчээ. Нийт зээлд чанартай зээлийн эзлэх хувь хэмжээ нэмэгдсэн нь мөн л сайн үзүүлэлт юм.

Сүүлийн үед хөрш БНХАУ-д зарим нэрийн экспортын барааны илүүдэл үүсч байгаа тухай Их хорийн уулзалтын үеэр яригдаж байсан. Монголд аж ахуйн нэгжүүдийн бизнесийн, иргэдийн ахуйн хэрэглээний зээл нэмэгдэж, худалдан авах чадвар сайжирч байгаа энэ үетэй Хятад дахь экспортын барааны илүүдэл  давхцаж байгаа нь сайн хэрэг ч байж магадгүй. Учир нь Монгол Улс импортлогч, тэр тусмаа импортын гол түнш маань урд хөрш билээ.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж