”Хүний хөгжил сан”-гаас хэн ”хумсалдаг” вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

”Хүний хөгжил сан”-гаас хэн ”хумсалдаг” вэ?

Хэд хоног банкны үүд сахисны эцэст “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа 21 мянган төгрөгөө автал теллер нь 20700 төгрөг тоолоод өгч байх юм. Банкны ажилтнаас үүний учрыг  тодруулахад “Хүний хөгжил сан”-гаас ол­гож байгаа мөнгөнөөс энэ са­раас эхлэн үйлчилгээний шимтгэлийн хураамж гэж 300 төг­рөг авч байхаар болсон хэмээн нам­жирдав. Харин ха­жууд минь шахцалдан зогсч байсан хүмүүс “Өмнө нь үйл­чилгээний шимтгэлийн ху­раамж гэж 50 төгрөг авч болоод байсан. Гэтэл одоо яахаараа 300 төгрөг болгоод нэм­чихдэг байна аа” гэсэн “харилтгүй” асуултыг банкны тел­лерүүдэд тавьж, уураа барсаар хоцорсон юм.

Тиймээс  эх орны хишгийг олгож буй банкуудын үйл­чил­гээний ху­раамжийн шимт­гэл ямар шалт­гааны ул­маас нэмэгдсэн талаар сурвалжиллаа.

Үүсээд буй асуудлын талаар мэдээлэл ава­хаар Хөдөлмөр, халам­жийн үйлчилгээний газарт очиж, тус газрын  Халам­жийн үйл­чил­гээ­ний хэлтсийн дарга Д.Чой­жилсүрэнтэй уулзсан юм.

-”Хүний хөгжил сан”-гаас мөнгө олгох эрх бүхий банкууд “Хүний хөгжил сан”-гаас олгох мөнгөнөөс үйлчилгээний шимтгэ­лийн хураамж гэж 300 төгрөг энэ сараас авч эхэлжээ. Ямар шалтгаантай юм бэ?

-Дээрх банкуудтай гэрээ хийс­ний үндсэн дээр үйлчилгээний шимт­­гэлийн хураамж нэмэгд­сэн байх. Энэ талаар манай санхүүгийн хэлт­сийнхэн мэ­дээлэл өгнө.

-“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг цахим картаар олгох ажлыг эх­лүүл­сэн. Үүнтэй холбоо­той юм уу?

-Үйлчилгээний хураам­жийн шимтгэл энэ асуудалтай огт хамаагүй. “Хүний хөгжил сан”-гийн мөн­гийг тараах тендерт шалгарсан ХААН, Хадгаламж, Капитрон банк үйлчилгээ үзүүлэхэд хүнд­рэлтэй байгаа учир үйл­чилгээний хураамж нэмэх сана­лыг гэрээ хийхдээ гаргас­ны дагуу л ийм шийдвэр гаргасан.

 Харин цахим картжуулах ажилд нэг хүнд 1000 төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Энэ зардлыг бан­кууд өөрсдөө хариуцаж байгаа. Дээрх банкууд карттай иргэдийн картанд “Хүний хөгжил сан”-гийн мөн­гийг хийж, огт картгүй иргэдийг л карттай болгохоор ажиллаж байгаа­гаа мэдэгдсэн. Иргэдийг цахим картжуулах ажил ирэх сар гэхэд дуусах байх.

-Дээрх гурван банкийг ямар шалгуураар сонгосон юм бэ. Мэ­дээж том банкинд илүү эрх олгосон байх?

-Салбаруудынх нь хамрах цар хүрээг харгалзаж үзсэний үндсэн дээр сонгосон. “Хүний хөгжил сан”-гаас олгох мөнгөний 80 гаруй ху­вийг ХААН банкаар дамжуулж олго­дог. Үлдсэн 20 хувийнх нь багахан хэсгийг Капитрон банк олгож байгаа.

-Одоогоор яг хэдэн хүн 21 мянган төгрөгөө авах эрхтэй болсон бэ?

-Нийт хүн амын 84 хувь нь 21 мянган төгрөгөө авч эхэлсэн гэсэн мэдээ байна.
Халамжийн үйлчилгээний хэлт­сийн дарга Д.Чойжилсүрэн гэрээний талаар Санхүүгийн хэлтсийнхэн тодорхой мэдээлэл өгнө гэсэн учир илүү дэлгэрэнгүй  мэдээлэл авахаар Санхүүгийн хэлтсийн дарга н.Билэгмаатай уулзсан ч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр ийнхүү ярьсан юм. 

-“Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгөнөөс авах үйлчилгээний хураамж нэмэгдсэн нь юутай холбоотой вэ?

-“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг тараах тендерт шалгарсан банкууд болон Хөдөлмөр, халам­жийн үйлчилгээний газар, Сангийн яам хамтран гурвалсан гэрээ хийж дуусаагүй байна. Энэ гэрээг Сан­гийн яаманд хүргүүлсэн байгаа. Сангийн сайдыг гарын үсэг зурж, баталгаажуулсны дараа энэ талаар мэдээлэл өгөх болно.

-Тэгэхээр гэрээг үзэглээгүй байхад банкууд үйлчилгээнийхээ шимтгэлийн хураамжийг иргэдээс нэмж авч байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Уг нь гэрээ дуусаагүй байхад тийм зүйл гаргах ёсгүй.

Тэр үүнээс өөр мэдээлэл  өгөхийг  хүсээгүй юм.

Тиймээс энэ талаар тодруулахаар Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнтэй уул­зах гэсэн боловч  ажилдаа ирээгүй байсан юм. Харин Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн дарга Б.Отгонцэцэг “Энэ талаарх гэрээ Сангийн яаманд ирээгүй. Нийг­мийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ­ний газрынхан банкуудтай эцсийн байдлаар тохирсны дараа гэрээг  манайд  өгөх ёстой” гэсэн мэдээллээс өөр зүйл хэлээгүй юм.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан ч мөн л дээрх хариулттай адил “Энэ талаар Сангийн яамныхан мэднэ. Тэд гэрээг гардаж хийж байгаа” гэсэн хариулт  өгсөн юм.  “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний асуудлуудыг дээрх хоёр яамныхан  бие биерүүгээ түлхэж, сонирхсон асуултад үнэн хариулт өгсөнгүй.
 
Харин банкныхан “Бид үйлчилгээ­ний шимтгэлээ 50  төгрөг байсныг 100 төгрөг болгож  нэмсэн. Харин “Хүний хөгжил сан”-гийн мөнгө банкны дансанд шилжиж ирэхдээ нэг хүний 21 мянган төгрөгөөр биш 20800 төгрөгөөр тооцогдон манайд байршиж байгаа. Үүнээс нь бид үйлчилгээний шимтгэлийн хураамж гэж 100 төгрөг л суутгасан. Ингээд иргэдийн гар дээр 20700 төгрөг олгож байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм. Тэгэхээр миний, таны сар бүр авах ёстой мөнгөнөөс сар бүр 300 төгрөг байхгүй болох нь тодорхой боллоо. Харин хэн авч байгаа нь тодорхой бус. “Аа 300-хан төгрөг” гэж та бүү бодоорой. Дуслыг хураавал далай гэдэг. Тэгэхээр 300 төгрөг хэмээх дусал ямархуу хэмжээний далай болохыг хамтдаа тооцож үзье. Хүн ам, орон сууцны тооллогын урьдчилсан мэдээгээр манайх 2,7 сая хүнтэй гэсэн тооцоо гарсан. Тэгвэл сар бүр “Хүний хөгжил сан”-гийн мөнгөнөөс 810 сая төгрөг суутгал, шимтгэл нэрээр салхинд хийсэх нь. Үүнээс банкныхан 270 саяыг нь авч байгаа бол үлдсэн мөнгө нь хаачиж байгаа вэ гэдэгт тодорхой хариулт өгөх хүн өнөөдөр алга байна. Холбогдох газрууд нь нэг нэгэн рүүгээ асуудлыг “түлхээд” өнгөрөөлөө. Энэ бүхнээс хэн нэгэн хожиж, ард түмэн хохирч байгаа нь л үнэн юм.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж