У.Хүрэлсүхийн намын дөрвөн сарын ойг тэмдэглэе

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн намын дөрвөн сарын ойг тэмдэглэе

Дамдины хүү Сүхбаатарыг их жанжин гэж бодож явсан үе өнгөрчихөж. Хоёрхон хо­но­­гийн дотор хорвоог биш юм гэхэд урьд хожид сайшаан магтаж, бишрэн дээдэлж ир­сэн 90 жилийн түүхийг эргүүлж орхидог жишиг өн­гөрсөн өдрүүдэд тогтов. Их жан­жин Сүхбаатарын аав Сэцэн хан аймгийн Ёст бэйс хошууны уугуул цагаан дээлт хятад болж, Монголын түүхнээ их үүрэг гүйцэтгэсэн эрэлхэг баатруудыг хорлож хө­нөөсөн гэмт хэрэгтэн бол­чихлоо. Монголчууд маань Д.Сүх­баатарыг муухай шар ламд хорлогдож үхсэн гэх худ­лаа кинонд итгэчихсэн хөөр­хий ард түмэн гэнэ. Ардын намынхан үүнд айхтар ширүүн тайлбар өгч байгаа ч тэртээ 1921 оныг та бид эргүүлж сэр­гээхгүй нь ойлгомжтой. Иймд энэ түүх зөв, тэр түүх буруу хэмээн үзэл бодлоороо нугалаа гаргаж суухаар өн­гөр­сөн түүхийг тэр чигт нь мартаж, өнөөдрөөс эхлэн ши­нэ түүх бичицгээе.

Ингэхдээ Ардын намын тө­лөө туг өргөж, ардын засгийг Төрийн ордонд тунхагласан У.Хүрэлсүхийг манай үеийн баатар болгоё. “Эцэг Х.Чой­бал­­сангийн намыг гутаан до­ром­жилж болохгүй” хэмээн нэг цагт намынхаа логотой туузаар толгойгоо ороож, улаан тугийг нь өндөрт өргөсөн офицер зориг түүнд бий. Намынхаа эсрэг хөдөлсөн нөхдийг нух­чин дарахын төлөө чадах бүхнээ хийх эр зориг ч бас бий. Ийм байхад тэр­тээ 1921 оны түүхийн та­лаар мэтгэлцэж ээрч, муурч суухаар ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр Ардын намын дөрвөн сарын ойг тэмдэглэе. Тэр өдрийг эх орончдын бус У.Хүрэлсүхийн намын дахин төрсний баярын өдөр хэмээн нэрийдэж, энэ цаг үеэс үнэн түүхийг хамгаалахын төлөө зүтгэе. В.И.Лениний хөшөөнд суурилсан улс төр ийм хол явлаа ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дахин төрсөн Ардын намын түүхийг бол арай ч бас үгүйсгэж чадахгүй байлгүй дээ, энэ эсэргүүчүүд.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж