Цэцийн шинэ гишүүд хэн бэ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Цэцийн шинэ гишүүд хэн бэ

Цэрэг бүхэн генерал болохыг мө­рөөд­дөгтэй адил хуульч бүр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болох хүсэл­тэй байдаг гэнэ лээ. Хуулийн сур­гуулийн багш нар шавь нартаа “Хуульч хүн Цэцийн гишүүн болбол мэр­гэжлийнхээ хувьд өндөр­лөгт хүрлээ гэж ойлгох ёстой” гэж заа­даг. Гавьяат хуульч Г.Совдын хэлсэн “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэх ухагдахуун хуульч­дыг тэр зам руу хөтөлдөг аж. Өдгөө Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн суудал эзнээ хүлээж байгаа нь туршлагатай, нөлөөтэй хуульчдын хорхойг хүргэж байгаа. Нөлөөтэй гэдэг нь нам, улс төрийн хүчний гэж ойлгогдох нь дамжиггүй. Учир нь хуульд зааснаар Цэцийн гишүүнийг УИХ томилдог. Тиймээс хуулийнхан дундаас Цэцийн гишүүний томилгоонд улс төрийн намуудын амбиц, ашиг сонирхол илүүтэй тодордог аж. УИХ-ын намрын чуулган завсар­лахаас өмнө “толгой”-гүй болоод бай­гаа Цэцийг бүрдүүлэх талаар хэ­лэл­цэх байсан УИХ дахь АН, Ар­дын намын бүлгийн гишүүд ойл­голцоогүйгээс хойшилсон. УИХ дахь Ардын намын бүлэг  М.Алтан­хуягийг Үндсэн хуулийн Цэцийн ги­шүүнд томилох саналыг намрын чуул­ганд оруулсан ч АН-ын бүлэг “Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа нь дуусч буй бусад гишүүнийн талаар нэгтгэж хэлэлцэнэ” гээд завсарлага авсан. Үүнд Д.Лүндээжанцан “Улс төрийн со­нирхлоор төрийн ажил уялаа” гэж бухимдсан ч Д.Одбаяр гишүүн “Үндсэн хуулийн Цэцийн үйл ажил­лагаа тасалдан ажил цалгардсан зүйл байхгүй. Хуульд зааснаар дараагийн гишүүн томилогдсоноор хугацаа нь дуус­сан гишүүний бүрэн эрхийн хуга­цаа дуусгавар  болдог” гэж тайвш­руулсан удаатай. АН-ынхны хувьд ажлаа нэгтгэх гэсэндээ биш сайн ду­раараа Ерөнхий прокурорын ажлаа өгсөн М.Алтанхуягийг дэмжээгүй учраас хэлэлцэхээс цааргалсан гэх. Тиймээс Ардын намынхан хоёр дахь хувил­бараа сонгосон нь тодорхой. Нөгөө та­лаар Цэцийн гишүүний томилгоо хой­шилж байгаа шалтгаан нь Ерөн­хий­лөгч гурван гишүүн, Дээд шүүх нэг хүнийг санал болгоогүйд байгаа.

Дээд шүүх өнөөг хүртэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлэх хүний талаар хэлэлцээгүй байгаа аж. Харин Ерөнхийлөгчийн “халаас”-нд байгаа Цэцийн шинэхэн ги­шүүн болон Ардын намын хоёр дахь хувилбарыг тандлаа.

ДАХИАД Л Б.ДЭЛГЭРМАА

Улсын ерөнхий прокурор, нийс­лэлийн прокурор зэрэг хуулийнхны томилгоо бүрт Б.Дэлгэрмаагийн нэр дуулддаг. Энэ удаад ч Цэцийн ши­нэ гишүүн болох магадлалтай эрх­мүүдийн дунд тэр байна. Тэрбээр Ерөнхийлөгчтэй 1993 оноос хамт­ран ажилласан нэгэн. Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АН-ын дарга байхад Б.Дэлгэрмаа Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан түүх бий. Нам дотроо толгой хуульч гэж хүндлэгддэг тэрбээр ЗХУ-ын Краснодарь хотын Кубанийн их сургуулийг 1982 онд улаан дип­ломтой төгсч байжээ. Улмаар Улсын ерөнхий прокурорын газарт ажил­лаж байсан. Мөн МУИС-ийн Хуулийн тэнхимд багш, Улсын бага хурал, УИХ-д зөвлөх, Улс төрийн боловс­ролын академид захирлаар ажиллаж байсан намтартай. Үүнээс гадна тэрбээр УИХ-д сонгогдсон цөөхөн эмэг­тэйчүүдийн нэг. Түүнийг Монгол дахь жен­дерийн тэгш байдал, хүний эрхийн талаар ярьсан анхдагч хуульч гэж дүгнэдэг. Улс төрийн хү­рээнд “Төмөр хатагтай” гэх цолтой Б.Дэл­гэрмаа өдгөө “Норовбанзад” сан­гийн тэргүүнээр ажиллаж байгаа. Түү­нийг Цэ­цийн гишүүнээр ажиллах занга­рагтай улстөрч гэж дүгнэх хүн олон.

Р.БУРМАА ЦЭЦЭД АРДЧИЛАГЧ БОЛОХ УУ?

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэ­­цэд ардчилагч, иргэний нийгмийн тө­лөөллийг багтаахаар төлөвлөж бай­­гаа гэх таамаг хуульчдын дунд бай­на. Тодруулбал, Сонгогчдын бо­­ловс­ролын төвийн тэргүүн Р.Бур­маагийн нэрийг Цэцийн гишүүнд санал болгох бололтой. Тэрбээр Сон­гуулийн ерөнхий хорооны хуу­дууг дэлгэн олны танил болсон нэгэн. Элект­роникийн инженер, удирд­лагын арга зүйч, хуульч мэргэжилтэй Р.Бурмаа Шинжлэх ухааны акаде­мийн  Физи­кийн хүрээ­лэнд ажилласан зургаан жилээс өөр төрийн албанд зүт­гэсэн гэх намтаргүй. Гэхдээ түүнийг гавьяат хуульч Б.Чимид “Төрийн ивээ­­лийг иргэдэд хүргэх бүсгүй” гэж үнэлсэн удаатай. Р.Бурмаа дээр дурьдсан төрийн бус бай­гуул­лагаас гадна “Монголын нээлт­тэй нийгэм” хүрээлэн, “Зо­хис­той хөг­жил, жендер” тө­в, Хүүх­дийн тө­­лөө үн­дэс­ний зөвлөлийн ги­шүүн, Ерөн­хий­­лөгчийн дэргэдэх “Ар­­хидан сог­туурахтай тэмцэх бод­лого зохицуулалт”-ын орон тооны бус зөвлөх, “Авлигын эс­рэг үндэсний хөтөлбөр” боловс­руу­­­лах ажлын хэсэг, “Ядуур­лыг бууруулах төрийн бус бай­гууллагуудын сүлжээ”, “Хүний эрхийн боловсрол” төрийн бус байгууллагын удирд­ла­гын зөвлөлийн гишүүн зэрэг ир­­гэний нийгмийн төлөөллөөр ажил­­лаж байсан. Гэх­дээ түүнийг туршлагатай хууль­чид­тай харьцуулахад Цэцийн ги­шүүн болоход “жижигдэнэ” гэж хуу­лийн­хан дүгнэж байсан.

Н.ЖАНЦАНГ УЛИРААВАЛ ЦЭЦИЙН ДАРГА БОЛОХ МАГАДЛАЛТАЙ

Үндсэн хуулийн Цэцийн ор­логч дарга Н.Жанцанг хоёр удаа томилогдсон учир тус байгууллагад дахин ажиллах боломжгүй гэх яриа байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн Цэ­цийн тухай хуульд энэ тухай заагаагүй аж. Тиймээс Ерөнхийлөгч түүний нэрийг дахин дэвшүүлэх боломжтой гэсэн үг. Хэрвээ Н.Жанцан дахин томилогдвол М.Алтанхуяг Цэцийг толгойлох ма­гадлал үгүй болно гэсэн таамаг байна. Учир нь түүнийг намынхаа төлөө М.Алтанхуягаас илүү зүтгэсэн гэж Ардын намынхан хүндэлдэг гэнэ лээ. Тиймээс Цэцийн дарга сонгох нууц санал хураалтаар Ардын на­мын гэх тодотголтой гишүүд Н.Жан­цанг сонгох магадлалтай. Тэрбээр намынхаа нөөлгөөс гад­на хуулийн салбарт олон жил ажил­ласан, Үндсэн хуулийн Цэцийг дар­галж байсан туршлагатай нэгэн. МУИС-ийг 1972 онд хуульч мэргэжлээр төгсч, ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Н.Жанцан Ул­сын ерөнхий прокурорын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1992 онд Ерөнхийлөгч нэрийг нь дэвшүүлснээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болжээ. Улмаар 1998 онд дахин томилогдон Цэцийн дар­гаар сонгогдсон аж. Харин 2005 оноос Цэцийн орлогч даргаар ажил­лаж байгаа.

Ерөнхийлөгч Н.Жанцангаас гадна Ж.Болдбаатарыг улираахаар нэрийг нь дэвшүүлж магадгүй аж. Түүнийг 1998, 2005 онд Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон юм.

Н.ЛҮНДЭНДОРЖ БОЛОМЖОО ӨӨРӨӨ ХААЖЭЭ

Ардын намынхан М.Алтан­хуягийг Цэцийн гишүүнээр томи­лох­гүй бол МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Н.Лүн­дэндоржийг зүтгүүлэх төлөв­лө­гөө­тэй байжээ. Гэвч тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдсон. Хэдийгээр тэрбээр “Миний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно” гээд ажлаа хийж бай­гаа ч хуульд “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн эрүүгийн ял шийтгэлгүй байна” гээд заачихсан байгаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж