Худалдаа эрхлэгчид гомдлоо илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Худалдаа эрхлэгчид гомдлоо илэрхийллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооноос Улсын тэмдэгтийн хураамжийн хууль гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ хууль мөрдөгдөж эхэлснээр жижиг дунд бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрээд байгаа аж. Түүнчлэн тэдний үзэж байгаагаар Улсын тэмдэгтийн хураамжийн шинэчилсэн хууль нь улсын төсөвт оруулах санхүүжилтээ бодсоноос биш хуулийг хэрэгжүүлснээр гарах сөрөг үр дагаврыг тооцоолгүй гэнэ. Иргэдээ ялгаварлаж, цөөн хэдэн олигархи бүлгийг дэмжиж тэдэнд үйлчлэхэд чиглэсэн хууль баталсанд харамсч буйгаа хүнсчдийн холбооныхон өгүүлсэн. Мөн Монгол Улсын иргэнийг эх орондоо гадны иргэдээс дор эрхтэй байх орчин бүрдүүлсэн хууль болсон аж. Тухайлбал, дээрх хуулийн 10.3.2-рт Иргэний үнэмлэхээ алдаж үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, хүчингүй бюу ашиглах хугацаа болгосноос дахин олгоход 25000 төгрөг байдаг бол мөн хуулийн 10.5.3-рт гадаад иргэн харьяалалгүй хүнд Монгол улсад оршин суух үнэмлэхээ алдаж үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд 5000 төгрөгөөр сэргээлгэж авдаг байна. Үүнээс гадна Ховор ургамлыг эмийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохдоо килограмм тутамд 25000 төгрөг байна хэмээн Улсын тэмдэгтийн хураамжийн хууланд тусгасан байдаг бол мөн хуулийн 21.1.9-д Ургамалыг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохдоо килограмм тутамд 800 төгрөг байна гэсэн аж. Энэ нь эх орондоо байгаа ургамлаа бид ашиглаж болохгүй. Харин гадныхан нээлттэй ашиглаж болно гэж хуульд заасантай агаар нэг байгааг Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооноос илэрхийлж буй. Монгол Улсын Засгийн газраас онц чухал обьект гэж тогтоосон газарт гадаадын иргэн ажиллах тусгай зөвшөөрөл олгохдоо 85 мянган төгрөг төлөх шаардлагатай аж. Тэгэхээр манай улсын дотоод байдлыг 85 мянган төлөөд тагнах боломжтой болсныг ч мөн хэлж байлаа. Тус холбооныхон энэ хуулиа өөрчлөх хэрэгтэй байгааг хуулийн төсөл боловсруулсан УИХ-ын гишүүдэд хандан сануулсан юм.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж