Эрдэнэдалай суманд ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Эрдэнэдалай суманд ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай  сумын иргэдтэй уулзалт хийлээ. Ерөнхийлөгч хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтүүдийг сонсч, хүлээн авав.

Юуны өмнө  үндэсний аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж байгаа тухай яриагаа эхэллээ. “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэсэн чухал бичиг баримт өнгөрсөн долдугаар сард УИХ-аар батлагдсан.  Энэ бол аюулгүй байдлын шинэ шинэ ойлголт бий болж байгаа энэ цагт зайлшгүй хэрэгцээтэй чухал баримт бичиг юм. Өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж байгаа бүх үйл ажиллагаа энэ үзэл баримтлалын үг үсэгт нийцэж явах ёстой.  Одоо манай улсад мөнгө , эдийн засгийн асуудал нэгдүгээр чухал зүйл биш, харин аюулгүй байдлын асуудал эн тэргүүнийх юм.

 Аюулгүй байдлаас дутуугүй орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх, иргэдийн эрх, эрх чөлөөг хангах асуудалд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдсан “Иргэний танхим”-д нийт 3000 гаруй иргэн ирж, шинээр боловсруулсан хууль тогтоомж, шийдвэрүүдийн талаар саналаа илэрхийллээ. Иргэд үгээ хэлж, тэр нь тухайн шинэ хууль, шийдвэртээ тусгалаа олдог энэ зарчим одоо хөдөө нутагт ч хэрэгжих ёстой. Тухайн орон нутаг, сумын хэмжээнд асуудлаа шийдэхдээ иргэдээсээ заавал асуудаг болох тийм хуулийн өөрчлөлтүүдийг хийхээр бид ажиллаж байна. Ер нь төр байдаг учраас ард түмэн байдаг биш, ард түмэн байдаг учраас төр байдаг гэдгийг санаж ажиллах хэрэгтэй" гэв. Мөн нийгэмд шударга ёсыг хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг анхаарч ажиллаж байгаа бусад асуудлынхаа талаар ч  дэлгэрэнгүй ярилаа.

Ерөнхийлөгчийн очсон, уулзсан газар бүрт иргэд оюутныг цалинтай болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ хууль хэзээ батлагдахыг асууж тодруулдаг. Мөн байгалийн баялгаас хүртэх хувь хишгийг хэрхэн бодитой , үр дүнтэй зарцуулах талаар өөрсдийн саналаа хэлдэг юм. Сонгуулийн хуулийг өөрчлөх, тендер тойрсон гажуудлыг арилгах, төрийн албаны зөвлөлийн ажлыг өөрчилж сайжруулах зэрэг сэдвээр иргэд  саналаа хэлдэг. Энэ сумын иргэд ч эдгээр асуудлаар тодорхой саналууд хэлж байв.

 Эрдэнэдалай сумын иргэд Ерөнхийлөгчид сүү барьж золгож байлаа. Тэд архинаас татгалзах уриалга гаргаж, сүүтэй хундага өргөсөнд Ерөнхийлөгчид талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

“Миний хэлсэг үгийг ямар ч хууль, тогтоолоос илүү хүлээж авсанд би ард түмэндээ талархаж байгаа. Аливаа сайн зүйлийг хүн өөрөөсөө эхлэн үлгэрлэх хэрэгтэй учир би баяраар сүүтэй хундага өргөж, ерөөлийн үг хэлсэн юм. Очсон аймаг орон нутагт төрийн тэргүүнийг архины хундагагүй хүлээн авдаг болсонд баярлаж байна. Өнөөдөр Монгол Улсад архидалт хавтгайрсан байгааг харуулах хоёрхон тоо хэлэхэд, гурван хүн тутмын нэг нь архи ууж согтуурдаг, архийг хэрэглэдэг, архинаас хамааралтай болсон байна. 12-16 насны хүүхдүүдийн  дунд судалгаа явуулахад 60 орчим хувь нь архийг согтотлоо ууж үзсэн, эсвэл амсч үзсэн гэж хариулж байна. Цаашдаа энэ чиглэлээр хууль тогтоомжийг чангаруулах болно” гэж Ерөнхийлөгч хэлэв.

Сумын Засаг дарга Н.Сумъяадоржийн танилцуулснаар Эрдэнэдалай  сум жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр 9 төсөлд нийт 90 сая төгрөг авчээ.

Малчид фермерийн аж ахуй эрхлэх хандлагатай болж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл авч, ингэний , үнээний , ямааны ферм байгуулах эхлэл тавигджээ. Өнгөрсөн онд 76 хүнийг ажлын байраар хангасан байна. Зах зээлд ойрхон, хүн ам олонтой учраас үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжтой, харилцаа холбоо сайн хөгжсөн, цахилгааны найдвартай эх үүсвэртэй, сум дундын нэгдсэн эмнэлэг, ахмадын сувилалтай, аялал жуулчлал хөгжиж байгаа гээд давуу талууд Эрдэнэдалай суманд олон бий.

Гэвч ойрын үед хэрэгжүүлэх шаардлагатай, хөрөнгө оруулалт шаардсан ажлууд байгаа талаар сумын удирдлага товч танилцууллаа.Тухайлбал цэвэр бохир усны нэгдсэн системтэй болох, сургуулийн байр нэмж барих хэрэгтэй аж. Их Хурал, Засгийн газартай хамтран асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллах болно гэж Ерөнхийлөгч хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж