Н.Энхбаярын хувь нэмэр

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын хувь нэмэр

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хэсэг бүлэг хүмүүс МАН-ыг үндэслэгч Д.Сүхбаатар нь Гоминданы тагнуул гэж хэлэв. Ингэвэл МАН ирэх сонгуульд ялагдах юм байх. Мөн хэсэг бүлэг хүмүүс, тэднийг төлөөлөн МАН-ын нарийн бичгийн дарга нь “Д.Сүхбаатар бол Монгол түмний бэлэг тэмдэг” гэж хэлэв. Тэгээд  Д.Сүхбаатарыг “муулсан” хүмүүсийг олж тогтоох эрэлд мордож, Д.Сосорбарам тэр нэвтрүүлгийг хийсэн байх, үгүй Баабар хийсэн, эсвэл МоАХ хийсэн байх гэлцэнэ. Сүүл үест телевизийн олон сувгаар гарч байгаа “Монгол ардын нам 90” гэсэн логотой, Д.Сүхбаатарыг “цагаатгах” захиалгат нэвтрүүлгүүдийг хараад байхад Баабар ч, Д.Сосорбарам ч биш, МАН-ынхан өөрсдөө л тэр “гүтгэлэг”-ээ хийсэн байх гэсэн совин төрөөд байгаа. За тэр ч яах вэ, “заяа нь мэдэг” гэдэг байх аа.

    Сүүлийн үест дунд сургуулийн хүүхдүүдэд зориулж голцуу “Титэм үг” хэлэх болсон Ерөнхийлөгч Н.Багабанди саяхан бас нэг үг хэлсэн байна. Хүчтэй нь биш, өстэй нь илүү аюултай гэж. Энэ бол яавч сургуулийн хүүхдүүдэд зориулсан үг биш, арван хэдэн насанд тийм их өс хонзон хурааж чадах ч үгүй. Харин өөртэй нь бараг үе тэнгийн шахуу, албан тушаал, эрх мэдлийн хувьд ч нэг цэг дээр байсан нэгэн эрхэмд хандсан бололтой юм. Тэр үе үеэрээ үгүй, өвс ногооноороо үгүй гээд, “Бусад хүмүүсийн үйлдлийг хэлэлцэн тунгаахдаа өөрийнхийг санаж байх” алтан зарчим хүмүүсийг буруутгах дон шүглэсэн хүмүүст үйлчилдэггүй гэжээ.

    Саяхан Н.Энхбаярын шинээр байгуулсан МАХН-аас “Улс төрийн намуудын задрал, нэгдэл” сэдвээр улс төрийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. М.Энхсайхан, Л.Эрдэнэтуул, Л.Цог энэ тэр гэсэн дан “нэг типийн” хүмүүс очоод МАН, АН хоёрыг баахан муу хэлэв. АН, МАН дээр жишээ аван Монголд улс төрийн намуудад нүүрлээд байгаа хямралыг, түүнээс гарах арга замын тухай номлосон гэж байгаа. Өөрөө энэ хямралыг зохион байгуулж байгаа гол хүн нь “намууд хямраад байна” гэж халаглах ямар сонсогдох вэ дээ. Яагаад ч юм, оны өмнөхөн МАХН-ын XVI Их хурал дээр “МАХН нэрээ солихгүй” гэж хэлээд гарч байсан Н.Энхбаяраас огт өөр Н.Энхбаяр л одоо харагдаад байгаа юм. Учир нь тэр үед Н.Энхбаяр нам дотроо цөөнх байсан билээ. Цөөнх болсон хүнийг л ямар ч тохиолдолд зөвтгөдөг монгол хүний нэг “ясны” араншин байдаг даа.

    Харин одоо Н.Энхбаяр МАХН дотор олонхи, олонхи олонхидоо бүр дэндүү олонхи болчихоод байгаа. Ийм тохиолдолд хүн хаашаа ч хадуурч чадах билээ. Жолоо цулбуураа бүрмөсөн алддаг гэсэн үг. Худлаа гэвэл түүний өнгөрсөн 13 жилийн түүхийг эргээд харахгүй юу. “Number one”, “Өрийг тэглэгч”, “Үндэсний удирдагч” гээд өөртөө өгөөгүй нэр ч байхгүй.

    МАХН-ын нэрээ сольдог XVI Их хурал дээр мань хүн уг нь их зөв үг хэлж байсан юм. МАХН нэрээ солих цаг нь болоогүй, өнгөн төдий өөрчлөлт хийснээр энэ намын мөн чанар өөрчлөгдөхгүй гэж. Тэр бол яалт ч үгүй үнэн үг л дээ. Харин сарын дараа Ц.Шинэбаяр нарын дагалдагсад нь Монголын алдарт хувьсгалт нам гэдгийг байгуулснаас хойш түүний төрх өөрчлөгдсөн билээ. Тэрбээр ямар ч үнээр хамаагүй МАН-ыг унагах дайнд мордсон. Нэгэн үе өөрөө эрэг шураг нь болж явсан Монголын төрийг “хууль бус” хэмээн нэрлэж, төрийн эрх барьж байгаа МАН-ыг шороотой хутгах их аянд мордсон. Түүнийх нь хомрогонд өөрт нь ямар ч гэм хийгээгүй Ардчилсан нам хүртэл өртөөд байгаа. Магадгүй, ийм их өс хонзонтойг нь мэддэг учраас С.Батболд, У.Хүрэлсүх хоёр энэ хүнээс салах гэж тэгтлээ яарсан байх. Би л биш бол өөр хэн ч биш, надад байхгүй бол чамд ч гэсэн байхгүй гэсэн ухамсар л энэ хүнд үйлчилдэг гэж түүнтэй нэг үе улс төрд зүтгэж явсан нөхөр нь дүгнэж билээ.

    Тэрбээр одоо нэг үе дайсан болж явсан хүмүүстэйгээ нийлчихсэн, төрийн эрх мэдлийг хувьсгалаар авах тухай яриа хөөрөө дэлгэж эхлээд байгаа. Уг нь бол тэдний ярьж байгаа энэ дүрэмгүй тоглоомын дэргэд харин ч дүрэмтэй тоглож байгаа нь МАН, АН хоёр. Эндүүрээгүй бол түүнийг жинхэнээсээ “Namber one” байх үед хамтарсан Засгийн газар гэрээгээ байгуулж, ханаа шийрлэсэн билээ. Гэрээ ч гэсэн нэг ёсны дүрэм. Тэгэхээр тэр үед мань хүн “Хууль бус Засгийн газрын тухай” шүүмжээ Ерөнхийлөгчийн байр сууринаас хэлэхгүй яасан юм бэ гэдэг асуулт гарч байна.

    Уг нь бол Н.Энхбаяр гуайн нас улстөрд залуудна уу гэхээс хөгшдөхөөр биш. Ийм насан дээрээ нам ч үгүй, засаг ч үгүй үлдэнэ гэдэг харуусч болох зүйл. Тиймээс эхэндээ олон хүн Н.Энхбаярыг нам байгуулна гэхэд нь хорих байтугай дэмжсэн. Харин намаа байгуулсны дараа түүний хийж буй зүйл нэг л “этгээд” болоод эхэллээ. Олигархи төрийг буулгана, авлигачдыг цээрлүүлнэ, Оюутолгойн гэрээг буцаана ч гэх шиг. М.Энхсайхан яг ийм уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд ороод ялагдаж байсан билээ. Учир нь ард түмэн улстөрчдөөс үргэлж тов тодорхой зорилтыг шаардаж, тодорхой зүйл олж харахыг хүсч байдаг. Ядуурлыг бууруулна, ажлын байр бий болгоно гэдэг шиг. Оюутолгойн гэрээ буруу, муу байна гэж үзэх юм бол үүнээс хойш хийгдэх гэрээнүүдээ ингэж, тэгж хийх ёстой гэдэг загвараа гаргаад ярих ёстой.

    Үгүйдээ л өөрийг нь Ерөнхийлөгч байхад цагдаа нарын буудаж алсан таван хүний амийг тухайн үеийн Засгийн газраас нэхэх, гэм буруутныг олж тогтоохыг хуулийнхнаас шаардах гээд хийж болох ажил тоймгүй олон байна шүү дээ. Түүнээс биш нийгмийг анги, бүлгээр нь хувааж талцуулаад, нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг сөргүүлэн тавина гэдэг XXI зууны улс төрийн бодлого биш. XX зууны эхэнд бол болж байсан байх.

    Хэрвээ үнэхээр Монголын нийгмийг авлига, хээл хахуулиас цэвэрлэе, үнэн шударгыг тогтооё гэж байгаа бол түүнд чиглэсэн хуулийн бодлого байх ёстой. Тэр бодлогыг гаргах гэж зорьж, зүтгэж яваа хэсэгт нь улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Тэгж чадвал Н.Энхбаяр гэдэг хүний Монголын улстөрд хийж буй хөрөнгө оруулалт, хувь нэмэр болно. УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүнд төдий дайны потенциаль эрх биш байх ёстой гэж бодож байна. Монголын ард түмэн арай ч нэг хоосонгүй хүнийг арван хэдэн жил тахиж, шүтэж ирсэн байлгүй. Харин тийм өөрчлөлт шинэчлэл рүү хөтөлсөн бодлого байхгүй бол мань эр тэмцлээ үнэн болгохын тулд Богд ууланд гарч партизанчлаад, нэрлээд байгаа авилгачдаа нэг нэгээр нь ордны цонхоор “довинкдоод” байхаас өөр арга замгүй гэсэн үг. Мартсанаас, нөгөө өөрийг нь Ерөнхий сайд байхад нь 500 саяын авилга амласан нөхрийг хуулийнханд хэлж өгсөн болов уу? 

    Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг дуртай аавын хүү хийгээд байдаг ч ажил биш, хүний нэг амьдрал, нэг насандаа хүрч болох хамгийн дээд оргил нь. Хэдийвээр хоёр дахь удаад Монголын ард түмний олонхи нь түүнээс татгалзсан ч гэлээ тодорхой нэг хэсгийнх нь ой тойнд орон зайгаа үлдээсэн том улстөрч тэр орон зайг хогийн ургамлаар дүүргээд байх нь харин ч таалагдахгүй байж мэднэ.

    Б.СЭМҮҮН
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж