Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Цасны баяр болов

Сэтгүүл зүйг дөрөв дэх засаглал гэдэг. Тиймээс ч энэ салбарт ажиллаж, олон түмэнд мэдээ, мэдээллийг тэнцвэртэй шуурхай, хүртээмжтэй хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг сэтгүүлчид нэгдсэн эвлэлээ байгуулаад 60 жилийг ардаа үджээ. Харин Дарханы хэвлэл мэдээллийн түүх 1962 онд “Найрамдлын дархан” сонин хэвлэгдэн гарсан цагаас эхлэлтэй гэж үздэг бол телевизийн түүх 1988 онд “Дархан телевиз” одоогийн Ди Би Эс телевизийн анхны нийтлэл нэвтрүүлгүүд олон түмэнд тогтмол хүрч эхэлсэн тэр үеэс эхлэлтэй юм. 60 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Дархан–Уул аймгийн хэвлэл мэдээлэлийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд цасны баярыг зохион байгууллаа. Дарханд үйл ажиллагаагаа явуулдаг телевиз, радио, сонинд одоо ажиллаж байгаа болон урд өмнө нь ажиллаж байсан сэтгүүлч, уран бүтээлчид оролцсон юм. Нийтдээ 25 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид оролцсон цасны баярын арга хэмжээнд энэ салбарын анхдагчуудаас эхлээд шинэ залуу сэтгүүлчид ч оролцсон. Цасан дээрх хөл бөмбөг, олс таталт, сумо, уулын оргил булаацалдах тэмцээнүүдийг сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан билээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа өөрийн биеэр ирж, сэтгүүлчидтэй уулзсан юм. Тэрээр Дархан-Уул аймгийн засаг дарга байх үеэсээ л хэвлэл мэдээлийн салбарынхантай хамтарч ажиллаж байсан, цаашид ч хамтран ажилласан хэвээрээ байх тухайгаа онцолж байсан. Ийнхүү сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 60 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ уран бүтээлчдийн цасны баяраар эхэлсэн бол спортын таван төрлийн тэмцээнээр үргэлжилэхээр боллоо.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж