Япончууд үнийн өсөлтөд сандарч байна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Япончууд үнийн өсөлтөд сандарч байна

Японд дифляци буурчээ. Олон улсын зах зээл дээр эрчим хүч, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь ийнхүү дифляци буурахад хүргэсэн байна. Японы Үндэсний статистикийн хорооноос уржигдар мэдээлснээр өнгөрсөн сард тус улсад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.2 хувиар өсчээ. Гэхдээ энэ нь “Bloomberg”-ийн эдийн засагчид 0.3 хувийн өсөлттэй гарна хэмээн тооцоолж байснаас ялимгүй бага үзүүлэлт юм. Ямартай ч Японд бараа, бүтээгдэхүүний ханш унах үзэгдэл бага зэрэг саарах хандлагатай болжээ.

Японы компаниудаас кофе үйлдвэрлэгч “Key Coffee Inc” тэргүүтэй компани түүхий эдийнх нь үнэ өссөнтэй холбоотойгоор бүтээгдэхүүнээ зах зээл рүү илүү өндөр үнээр нийлүүлсэн. Тэгэхээр тэд дифляцийг бууруулахад том хувь нэмэр оруулж байна хэмээн Японы албаны төлөөлөгчид магтаж байх юм. Гэхдээ олон улсын зах зээл дээрх үнийн өсөлт энэ хэвээр цаашид гаарах вий гэж болгоомжлох хүн ч байна. Хэдийгээр энэ бүхэн нь Японы эдийн засагт эергээр нөлөөлж байгаа гэх боловч түүхий эдийн үнэ өсч байгаа нь мөнгөний бодлогын хувьд сөрөг үр дүн дагуулж магадгүй аж. Энэ талаар “Daiwa Institute of Research” судалгааны төвөөс мэдээлжээ.

Мэдээж хэрэг, түүхий эдийн үнэ нэмэгдэхийн хэрээр компаниудын ашиг буурч эхэлнэ. Энэ нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд таагүй үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар Японы төв банк мөнгөний бодлогоо сулруулж, бодлогын хүүг тэг хувь руу ойртуулж байгаа. Энэ нь инфляцийг нэмэгдүүлэх гэсэн оролдлогоос үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, Японы санхүүгийн зохицуулагчид мөнгө­ний бодлогоо чангаруулах тухай огт ярихгүй байгаа.

Өчигдрийн байдлаар Токиод Японы Засгийн газраас 10 жилийн хугацаатай гаргасан бондын өгөөж 1.5 нэгж буюу 1.235 хувиар өсчээ. Харин өнгөрсөн баасан гарагт уг үзүүлэлт 1.22 хувиар буурч, энэ сарын 2-ноос хойшхи хамгийн бага үзүүлэлттэй гарсан юм. Харин иений ам.доллартай  харьцах ханш суларч, нэг ам.доллар 81.96 иентэй тэнцжээ.

Ойрхи Дорнодод болж буй үй­мээн, самуунаас болж 2011 он гарснаас хойш газрын тосны үнэ 10 ху­виар өссөн. Цаашид энэ байдал үргэл­жилбэл ирэх дөрөвдүгээр сараас эхлээд Японы эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхлэх магадлалтай юм.

Япончуудын хувьд эдийн засгаа сэргээхийн тулд хөдөө аж ахуйн сал­бартаа нэлээд анхаарал хандуулж байгаа. Тус улсын Газар      тариалангийн сайд өнгөр­­сөн долоо хоногт гаргасан мэдэгдэл­дээ энэ талаар дурьджээ. Тэрбээр тариа­ланчдыг дэмжих бодлого явуулж, тэдэнд өгч буй зээл тусл­амжийн хэмжээг нэмэгдүүлж бай­гаагаас ирэх дөрөвдүгээр сарын байдлаар тариалалтын хэмжээ 18 хувиар нэмэгдэх тооцоотой байгаа хэмээн онцолсон байна. Энэ нь 2008 оны дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн их өсөлт юм. Тухайн үед 2008 онд Японы хэрэглээний үнийн индекс 1.5 хувийн өсөлттэй гарч байв. Ямартай ч газар тариалангийн салбараа дэмжихийг зорьж байгаа япончуудын  хувьд түүхий эдийн үнийн өсөлт саад болно. Гэтэл энэ нь дифляцийг бууруулах сай­хан боломж. Чухам энэхүү зөр­чилдөөнтэй байдлаас асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь нэлээд со­нирхол татаж байгаа юм.

Японы төв банк дифляцийг бууруулахын тулд нэлээд их хүч гаргаж байгаа талаар дээр дурьдсан. Тус банк бодлогын хүүг 0-0.1 хувийн хооронд барьж байгаа. Гэхдээ олон улсын биржүүд дээрх үнийн хэлбэлзэл хурдацтай нэмэгдвэл бодлогын хүүг нэг хувьд хүргэж магадгүй гэх таамгийг зарим шинжээч гаргаад байгаа юм. Харин энэ нь газар тариалангийн салбараа дэмжих бодлогод нь харшилна хэмээн “Bloomberg” мэдээлжээ.

Японы эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй бас нэг хүчин зүйл бол иений ханшийн өсөлт. Иен бусад валютын эсрэг чангарснаас болж тус улсын экспортлогчид бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл дээр борлуулахдаа өндөр үнэ хэлэхээс өөр аргагүй болсон. Үүнээс болж өрсөлдөх чадвар нь буурч, бүтээгдэхүүний гаралт багассан. Гэхдээ сүүлийн үед олон улсын зах зээл дэх тогтворгүй байдлаас болж иений ханш сулрах хандлага ажиглагдаж байгаа юм. Түүнчлэн Евро бүсийн санхүүгийн тогтолцоонд санаа зовох хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагаас евро иений эсрэг сулрах болсон. Гэхдээ энэ нь иений хувьд хөрвөх чадварыг нь сайжруулна хэмээн зарим шинжээч үзжээ. Ямартай ч Япон эдийн засгийн  хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог байсан цаг ард хоцорч, тэр байраа Хятадад алдсан юм. Харин одоо ямар бодлого хэрэгжүүлж, нөхцөл байдлыг гартаа авах вэ гэдэг нь Японы Ерөнхий сайд Наото Каны Засгийн газрын гол ярих асуудал болоод байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж