Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Хуулийн даажигнал

Худалдаа эрхлэгчид УИХ-д ханджээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө эргэж харахыг эрхэм гишүүдээс хүссэн хэрэг. Улсын тэмдэгтийн тухай уг хууль төрөн гарсан цагаасаа л багагүй хэл ам татлах болсон. Мөнөөх урт нэртэй, уршиг ихтэй зовлонт хууль шиг.
Өнгөрсөн 2010 онд УИХ-аас Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар бизнес эрхлэгчдээс хураах төлбөр 60 дахин өссөн байна.  Тодруулбал, өмнө нь тэмдэгтийн хураамж хэмээн бизнес эрхлэгчид 165 мянган төгрөг төлдөг байсан  гэнэ. Харин шинэ хуулиар иргэн, аж ахуйн нэгжүүд 10 сая 250 мянган төгрөгийн хураамж төлөхөөр болоод байгаа юм. Тиймээс тэд УИХ-д хандаж, хүсэлт тавьсан байна. УИХ-аас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  санаачилгыг гаргасан Сангийн яаманд гомдлоо гаргахыг бизнес эрхлэгчдэд зөвлөжээ.  Гэтэл Сангийн яам нь Хууль зүй,  дотоод хэргийн яамнаас асуу гэсэн хариултыг өгсөн гэнэ. Ийнхүү эзэн нь сүүлээ, сүүл нь хонхорцогоо гэдэг шиг  бизнес эрхлэгчид төрийн байгууллагуудын дунд  хэнд хаана хандахаа мэдэхгүй хуулийн тохуурхлыг амсч суугаа бололтой.
Монголд хууль боловсруулж, батлуулах шиг төвөггүйхэн зүйл үгүй болжээ.  Болсон болоогүй хууль, үнээ тугалахаас ч амархан “мэндэлж” байна. Тэр хууль нь иргэдэд эргээд хэрхэн нөлөөлөх, эдийн засгийн үр нөлөөг нь тооцоолохгүйгээр эрхэм гишүүд хууль баталж, баталсан хуулийнхаа “хөлс”-ийг хувааж идэхийн донд хөтлөгдөх болж.
Үйлдвэржилт Монгол Улсын хөгжлийн тулах цэг. Түүнийг хэрхэн хөшүүрэгдэх нь Монгол төрийн бодлогоос шууд хамааралтай.  Тиймээс ч зөв хууль батлагдвал зөв үр дүн нь эдийн засгийн хөгжил байх  болно.
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 2010 оныг  “Бизнесийн орчин шинэтгэлийн жил” болгон зарласан ч  харамсалтай үр дүн тун  хангалтгүй болсон.
Энэхүү жилийн хүрээнд бизнесийн орчинг шинэтгэх, татварын бодлогыг сайжруулах талаар  эрх баригчид, хууль батлагчид гараа, үзгээ ч  хөдөлгөөгүй, кнопоо ч дараагүй билээ.
Харин энэ жилийг  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон Засгийн газраас зарлаад буй. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт цэцэглэх бус  хөдөлмөрийн байрны хомсдол нүүрлэж болзошгүй болжээ. Учир нь УИХ-аас баталсан урт нэртэй хууль болон Улсын тэмдэгтийн тухай хуулиар олон мянган иргэн ажлын байраа алдаж магадгүй байгаа юм.  
 Улсын тэмдэгтийн хураамжийн  хуулиас болж  8000 гаруй аж ахуй нэгж  дампуурлаа зарлахад ойрхон байгаа бол Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар 1700 компанийн ажилчид ажилгүйдлийн эгнээд шилжихэд хүрээд байна.
Төр  хэзээ ч үйлдвэрлэл явуулж, үйлчилгээ эрхлэдэггүй. Өнөөдөр ч, маргааш ч төр татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэх нь ойлгомжтой. Аль ч улсын төр ийм л байдаг. Гэхдээ хууль батлаж тоглодог, татвар бүрдүүлэгчдээ хэтэрхий даажигнадаг төр ховорхон биз.
Эрхбаригчид өдгөө эрдэс баялгийн салбарт онцгой анхаарал хандуулж сууна. Экспортын дийлэнхийг нь бүрдүүлж буй эрдэс баялгийн салбар манай улсын “намсрай бурхан” нь болоод байгаа. Гэвч бид  эдийн засгийн бүтээмжит салбаруудаа зөнд нь орхиж боломгүй юм.  Учир нь үйлдвэрлэлийг дагаад ажилгүйдэл ядуурал багасч улс орны олон асуудал шийдэгдэх болохоор.  Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2002-2010 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 65 хувь буюу жилд дунджаар есөн хувиар нэмэгдэж иржээ. Гэхдээ эдийн засгийн өсөлт бий болсон ч үүнтэй харьцуулахад ажлын байр дорвитойхон нэмэгдээгүй байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн насны хүн ам 200 мянгаар өссөн аж. Ажлын байрны хомсдолоос болж хүн амын хөдөөгөөс хот руу, хотоос гадаад руу чиглэсэн хөдөлгөөн идэвхжих болсон.
Энэ  статистик мэдээ эрхбаригчид ажлын байр шинээр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг буруулахад төдийлөн анхаараагүйн нэг илрэл болов уу.  Андуураагүй бол энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ хэмээн эрх баригчид тодоос тод, томоос том амалсан. Гэвч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд хөдөлмөрийн байраа өчнөөн мянган хүн алдаж болзошгүй аюул тулгараад байгааг анхааралдаа авахад гэмгүй байх. Амьдрал дээр ажил ам хоёр чинь зөрөөд байна шүү дээ, эрхмүүдээ.
 
Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж