“Харцага” 99:44-өөр “Ирвэс”-ийг сөхрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Харцага” 99:44-өөр “Ирвэс”-ийг сөхрүүлэв

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр Спортын төв ордны А зааланд боллоо.

Эхний тойргийн ялагч болсон МУИС-ийн “Баянзүрх Буллз” болон “TLG-13” багууд өчигдрийн эхний тоглолтыг хийж, “Бухнууд” өрсөлдөгчөө 81:78 харьцаатай буулган авсан байна. Тус тоглолтод Т.Санчир 25 оноо авч, дахин багийнхаа шилдэг нь байсан бол Г.Баттөр 19, н.Билгүүн 16 оноо авчээ. Харин өрсөлдөгч багаас Б.Дархантөгс 21 оноогоор багаа тэргүүлсэн байна.

Харин хоёр дахь тоглолт “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд өрнөж, “Харцага” 99:44 харьцаагаар өрсөлдөгчөө төвөггүй буулган авчээ. Тус тоглолтод “Харцага”-ын тоглогчид жигд тоглолт үзүүлж, Б.Одбаяр, О.Золбаяр нар 12 оноо авсан бол Ч.Хүрэлбаатар, Б.Түмэнжаргал, Д.Бат-Эрдэнэ нар 10-аас дээш оноо авч, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ. Харин сүүлийн тоглолтод АНУ-ын гурван лигионер тоглогчийг эгнээндээ нэгтгэсэн лигийн шинэ цэрэг “Ав-Атар” 99:89 харьцаагаар ШУТИС-ийн “Акулууд”-ыг хожсон байна. Энэ тоглолтод “Ав-Атар”-аас С.Өрнүүнбилэг 23 оноо авч, багаа тэргүүлсэн бол О.Пүрэвцэрэн 18, Жеффри 16, Лекс 15, харин багийн ахлагч Ш.Сэдбазар 14 оноо авчээ. Харин “Акулууд”-аас Д.Мөнхтөр 36 оноо авсан нь өчигдрийн хамгийн өндөр үзүүлэлт болсон ч багтаа хожил авчрахад хангалтгүй байлаа.

Дашрамд дурдахад, Спортын төв ордны А зааланд өнөөдрөөс боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа учир Nissan премьер лиг түр завсарлаад ирэх даваа гаригаас хуваарийн дагуу үргэлжлэн явагдана.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж