Даатгалын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Даатгалын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрөөс 10 тэрбум төгрөг олгодог

    Эрүүл мэндийн даатгалын санд жил тутамд 80.7 тэрбум төгрөг төвлөрдгөөс 60 тэрбумыг нь улсын эмнэлгүүд “залгидаг” бол 15 тэрбумыг хувийн эмнэлэгт хуваарилдаг аж. Гэвч улсын эмнэлгүүдийн үйлчилгээ дээшилсэнгүй, улам ч доройтож, зөвхөн төрөөс даатгалаа төлүүлдэг хэсгийг эмчилдэг газар болж хувирчээ. Жил бүрийн хаварт улсын эмнэлгүүдийн ор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр дүүрч, жинхэнэ эмчлүүлэх шаардлагатай хүнээ хэвтүүлэх боломжгүйд хүрдэг гэх. Тэгтэл улсын төсвөөс тэдний Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зориулж жилд 10 тэрбум төгрөг л төлдөг. Ингэхдээ нэг хүний Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сард 500 төгрөг, жилийн 6000 төгрөгөөр тооцож, олгодог. Тодруулж хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрч буй 80.7 тэрбум төгрөгийн 10 тэрбум нь төрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн Эрүүл мэндийн даатгалд зориулж олгосон байдаг бол үлдэж буй 70.7 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхэлж, сар тутамд даатгалд төлдөг иргэд бүрдүүлсээр иржээ. Хачирхалтай нь, Эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэхэд хамгийн их ачаа үүрч буй хэсгээс ердөө 28 хан хувь нь эмнэлэгт хандаж, үйлчилгээ авсан байх бол  төрөөр даатгалаа төлүүлэгчдээс 60 хувь нь эмнэлэгт хэвтэж, “ямбалжээ”. Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн хэлснээр төр тэдний өмнөөс жилд 6000 төгрөг төлдөг байхад эмнэлэгт хэвтээд гарахдаа 200 мянган төгрөгийн үйлчилгээ авдаг. Тэгтэл олон жилийн турш Эрүүл мэндийн даатгалд шимтгэл төлсөн иргэн нэг л өдөр өвдөөд эмчид хандахаар өнөөх шимтгэл төлсний хэрэг гардаггүй. Ядаж л ямар өвчин туссаныг нь өнөөх том том зэрэгтэй улсын эмч мэдэхгүй. Шинжилгээ өг гэнэ. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт хандаж байхад сайд нарын хоёрдугаар эмнэлгийн дэргэдэх “Экспресс” шинжилгээний төвийг заана. Тэнд очоод гуравхан шинжилгээ өгөхөд л төлбөр нь 46 мянган төгрөг болно. Шинжилгээ үүгээр дуусахгүй, Эрүүл мэндийн шинжилгээний их сургуульд очиж, дархлааны шинжилгээ өгөх ёстой гэнэ. Өнөөх шинжилгээг нь өгөхөөр 21 мянган төгрөг болж буй юм. За ингээд шинжилгээний бичгээ цуглуулж аваад очихоор “Чамайг эмчлэх эмч манайд алга” гэж өнөөх улсын клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эмч хэлэх нь үхэж болно гэснээс ялгаагүй сонстох юм билээ. Уг нь зургаан жилийн турш тасралтгүй даатгал төлсөн хүн ядаж л оношоо тодруулаад авах ёстой баймаарсан.  Эмнэлэгт хэвтүүлэх нь яамай гэж бодоход…

    Бүх иргэнийг даатгалд хамруулна

    Харин Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-д Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд хууль батлагдсан нөхцөлд дээрх гажуудлыг засч чадах эсэх нь тодорхойгүй ч бүх иргэнийг даатгалд хамруулахаар заажээ. Өнөөдрийн байдлаар 400 гаруй мянган иргэн даатгалд хамрагдаагүй байгаа юм. Харин төсөлд заавал даатгал, нэмэлт даатгал гэсэн хоёр хэлбэрийг нэвтрүүлэхээр заажээ. Нэмэлт даатгалын тогтолцоо нь манай улсын хувьд цоо шинэ хэлбэр.  Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Англи, Америк, Герман зэрэг орнуудад энэхүү нэмэлт даатгалын нэг хэлбэр болох давхар даатгалын тогтолцоо өнгөрсөн жилүүдэд ид цэцэглэн хөгжиж, үүнийг дагаад даатгалын хувийн компаниуд байгуулагдсан. Гэвч  тэдгээр компаниуд олноороо дампуурч эхэлсэн нь Герман зэрэг орон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульдаа өөрчлөлт оруулахаас аргагүй байдалд оржээ.  Ийм үед Монгол Улс энэхүү давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлэхдээ болгоомжтой хандахгүй бол дампуурч байгаа тогтолцоог өөрийн хөрсөнд буулгах гэж оролдох нь эрүүл мэндийн салбараа бүр мөсөн сүйрүүлж мэдэх аюултай тул, сайн судалгаатай хандах ёстой гэсэн анхааруулга өгөх хэсэг ч бий юм.

    Ямар ч байсан төсөлд Эрүүл мэндийн даатгал нь заавал даатгал, нэмэлт даатгал гэсэн хэлбэртэй байна. Эрүүл мэндийн заавал даатгал нь төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцын зардлыг уг сангаас төлж даатгуулагчид тусламж үйлчилгээг тэгш хүргэнэ гэж төсөөлөөд буй. Ингэхдээ Эрүүл мэндийн заавал даатгалын үйл ажиллагааг эрүүл мэндийн даатгалын байгууллага эрхэлнэ. Харин Эрүүл мэндийн нэмэлт даатгалын үйл ажиллагааг өмчийн бүх хэлбэрийн даатгалын байгууллага эрхлэх боломжтой гэжээ.

    Даатгуулсны дараа иргэн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторийн үзлэг оношлогоо, шинжилгээ, эмчилгээ, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, уламжлалт сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний төлбөрийн то­дор­­хой хувь хэмжээг авах. Жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт эдлүүлнэ гэжээ. Чухамхүү хэдий хэмжээний үнэ өртөгтэй үйлчилгээг даатгуулагч хүртэх вэ гэдгийг хэлэлцүүлгийн шатанд тодорхой болгоно. Мөн төрөөс Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлдэг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн шимтгэлийн мөнгийг нэмэх үү гэдэг асуудал хөндөгдөж буй. Эрүүл мэндийн яамнаас барьж буй бодлогоор шимтгэлийн сарын хураамжийг дор хаяж 1000 төгрөгт хүргэхгүй бол даатгал төлдөг хэсэг нь төлдөггүйгээ чирч явдаг урвуу тогтолцооноос гарч чадахгүй хохирсоор байх тул төр зоригтой шийдвэр гаргах цаг ирсэн гэж мэдэгдэж байгаа юм.

    Төсөлд заасан бас нэг өөрчлөлт нь Эрүүл мэндийн даатгалын санг бие даасан статустай байгуулахаар заажээ. Үүнийг дагаад төрийн асар том бүтэц бий болж төрийн аппарат данхайх нь хэмээн болгоомжлох хэсэг байгаа ч, ингэхгүйгээр эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийж чадахгүй гэж үзэх хэсэг бий. Учир нь өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хурааж авдаг 1700 орчим байцаагч улсын хэмжээнд ажилладаг байна. Гэхдээ хууль батлагчдын дунд Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар гурвыг нэг татварын байцаагчаар хураалгаад болох байтал, заавал нэг бие даасан байгууллага байгуулах нь хэт үрэлгэн ажил болж хувирах тул бие даасан сан байгуулахыг дэмжихгүй гэдэг байр суурь барих хүн ч бий. Удахгүй УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран Улаанбаатар хотноо 1000 эмч оролцсон зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Эл зөвлөлдөх уулзалтаар энэхүү хуулийн төслийг хэлэлцүүлэх тул Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сар бүр төлдөг иргэдэд ашигтай тусах олон санаа тусгалаа олоосой гэж найдъя.

    Г.Дарь
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж