Энэхүү эмхэтгэл нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаанаас гадна шинээр гарсан хуулиудыг олон нийтэд хялбар, цэгцтэй байдлаар хүргэдэг онцлогтой.
Эмхэтгэлийг нийслэлийн есөн дүүрэг 21 аймаг 331 сум тус бүрт үнэ төлбөргүйгээр түгээж байгаа бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн вэб сайт www.democrats.mn-ээс цахим хэлбэрээр татаж үзэх боломжтой юм.
Энэ удаагийн эмхтгэлийг гаргахдаа шинэ хуулиудыг дижитал хэлбэрээр CD-д буулган хавсаргаснаас гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй холбоо барих утас, олон нийттэй харилцдаг хувийн вэб сайт болон Facebook, Youtube, Flickr , Twitter зэрэг олон нийтийн сүлжээн дах хаягийг ч багтаажээ.
Мөн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалтыг тус номонд нийтэлжээ. Иргэдийн хувьд хуулийн төсөлтэй танилцах, УИХ-ын гишүүдэд өөрийн үзэл бодол, санал санаачлагаа хүргэе гэвэл уг номон дахь хаягуудаар хандах боломжтой юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэхүү цувралыг хэвлэн гаргаснаар хуулийн сурталчилгааг сайжруулан иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн дагуу төрөөс иргэдэд олгодог боломжуудыг ашиглах, улмаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад тус дөхөм болно гэж үзэж байна.