Ц.Оюунгэрэлийн “сугалаа”

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэлийн “сугалаа”

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл хожуу гэрлэж, өөрөөсөө олон ах америк эрийн эхнэр болсон гэдгийг олон хүн мэднэ. Тэр Стэнфордын их сургуульд сурч байхдаа нөхөртэйгээ танилцжээ. Тэгээд Жеффтэй гэрлэх болсон нууцаа “Соронз” сэтгүүлд дэлгэсэн байна. Сургуулиа төгсөх жилээ Ц.Оюунгэрэл интернэтэд 20 доллар төлж, заяаныхаа ханийг олох зурхай худалдаж авчээ. Сарын дараа түүнд Францын зурхайчаас хариу ирэв. Тэнд “зургадугаар сарын 8-нд та заяаныхаа ханьтай учрах болно. Хэрэв энэ өдөр гэрлэх санал тавьсан хэн нэгний саналыг хүлээж авахгүй бол та 40 жилийн дараа заяаныхаа ханийг олно” гэсэн байв. Тэгэхэд Ц.Оюунгэрэл 37-той байв. Гэтэл зургадугаар сарын 8-ны өдөр түүнд хэн ч гэрлэх санал тавьсангүй, тэр ч байтугай гэрээсээ ч гарч чадсангүй. Учир нь маргааш нь тэр дипломоо хамгаалах ёстой байсан тул өдөржин шалгалтандаа бэлтгэжээ. Маргааш нь дипломоо хамгаалж, хоёр өдрийн дараа диплом бичихэд нь тусалсан хүмүүсийг урьж, талархлын үдэшлэг хийсэн байна. Түүний дотор одоогийн нөхөр Жефф багтжээ. Гэтэл Жефф түүнд гэрлэх санал тавьж, бөгж бэлэглэжээ. Ц.Оюунгэрэл үгүй ч гэж, бас за ч гэж чадахгүй гацжээ. Зургадугаар сарын 8-нд заяаныхаа ханьтай учирна гэсэн, гэтэл 11-ний өдөр болчихоод байдаг. Хэрвээ энэ саналыг хүлээж авахгүй бол 77-тойдоо заяаныхаа ханьтай учирна. Тэгээд,

“-Чи бөгжөө хэзээ худалдаж авсан бэ?

-Зургадугаар сарын 8-нд.

-Тэгвэл мөнгө төлсөн баримтаа үзүүл”

Үнэхээр Жефф түүнд 8-ны өдөр мөнгө төлсөн баримт үзүүлжээ. Тэгээд л юу ч бодолгүйгээр шууд зөвшөөрсөн гэнэ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж