Берлины “ITB 2011” олон улсын үзэсгэлэн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Берлины “ITB 2011” олон улсын үзэсгэлэн эхэллээ

Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармаг болох Берлиний ITB үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог. Дэлхийн 187 орны 1100 гаруй аялал жуулчлалын байгууллага, компани энэ үзэсгэлэнгээр өөрсдийн аяллын газар нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан борлуулдаг. Үзэсгэлэнд оролцогчид бараг зургаан их наяд еврогийн аялал жуулчлалын худалдаа, хэлцэл хийдэг байна. 2010 онд уг үзэсгэлэнг 179351 хүн үзсэн статистик мэдээ гарчээ. Мөн дэлхийн 89 улсын 7200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн үзэсгэлэнг сурталчилсан байна.

Монгол Улс Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа. Энэ сарын 9-13-ны өдрүүдэд Германы Берлин хотноо болох үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор оролцох гэж байна. Засгийн газар өнгөрсөн онд энэ шийдвэрийг гаргасан юм. Берлиний ITB үзэсгэлэн Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд шинээр сурталчилж, түүх соёлын гайхамшиг үзүүлэх өргөн боломжийг бидэнд олгож байна. Монгол Улсын хувьд “Соёлын түнш орон”-оор оролцсоноор олон улсын нэр хүндтэй эл үзэсгэлэнгээр дамжуулан дараах давуу боломжуудыг эдлэх юм. Түүнчлэн, өнөөдөр тусгайлан зохион байгуулах “Монголын форум” нь аялал жуулчлалынхан төдийгүй улс төр, бизнесийн шийдвэр гаргагчдад Монгол Улсын аялал жуулчлалын талаар мэдээлэл хүргэх чухал арга хэмжээ болох юм.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх “Ай-Ти-Би Берлин-2011” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцох Монголын багийг удирдан зохион байгуулах аж. Монголын багийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хороо, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуучлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Үндэсний аялал жуулчлалын байгууллага зэрэг төрийн болон ТББ-ууд хамтран оролцож байна.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж