Шашин төрийг хослон баригчийн билэгдэл

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Шашин төрийг хослон баригчийн билэгдэл

Соц-Интернийн Монголчилогдсон хувилбар бол шашин төрийг хослон баригчийн билэгдэл

Богдын их жас дөрвөн арвайн тамга хэрэглэдэг байв. Дөрвөн арвайн тамга нь хошуугаар нь нийлүүлсэн дөрвөн арвайн дүрс бөгөөд арвай мэт аривжих ба үл дундрахыг билэгдэх ажээ. Учир нь ургамалын дотороос буурцагт ургамалын нэг үр жилийн дотор арав гаруй болон үржиж ургадаг, тэр нь нүдэнд шууд харагдаж байдагтай холбоотой болов уу. Ямартай ч өсч үржихийг билэгддэг. Богдуудын эдэлж хэрэглэж байсан дээл хувцаснаас эхлээд, ахуйн олон зүйл дээр энэхүү билэгдлийн дүрс бий. Ялангуяа дээлийн товчны сэлүүрийг дөрвөн арвайн дүрсээр хийсэн байх нь элбэг бөгөөд дээлийн энгэрээр гадагш гарлага гардаг гэсэн үзэлтэй холбоотой бололтой.

Энэ дүрс хэдэн зууныг дамжсан ч үл мартагдахаар барахгүй өөрчлөгдөж хувирсан ч үгүй өдгөө бидний нүднээ ч дасал болсон билээ. Энэ бол  Бодь группийн лого. Билэгдэл агуулга талаасаа санхүүгийн үйл ажиллагаа голлодог компанийн хувьд яах аргагүй гүн утга санаа агуулсан, үйл ажиллагааг нь ч илэрхийлж чадахуйц лого.

Гэхдээ энд өөр нэг билэгдлийн тухай өгүүлэх гэсэн юм. Дээр өгүүлсэн дөрвөн арвайн дүрс бүхий сэлүүртэй шангийн цоохор гэж товч байх. Дээхнэ үед лам ноёд их хэрэглэдэг байж. Энэ товчны дүрслэл нь их сонин бөгөөд одоо байгаа нэг логог эрхгүй санагдуулдаг юм.
Уг товч нь пүүз атгасан бадамлянхуан таван дэлбээ байх бөгөөд сэлүүр нь дөрвөн арвайн тамга.

Цаад агуулгаараа бол бадамлянхуа цэцэг нь бурхны шашны найман тахилийн нэг бөгөөд ариун нандинийн билэгдэл билээ. Бурхан бол орчлон ертөнцийн ариун нандинийн дээд гэж үзэх тул түүнийг бадамлянхуан дэлбээн дээр залруулан дүрсэлсэн байх нь нэн элбэг. Өндөр гэгээн ч төгс төгөлдөрийн илэрхийлэл эрхэмсэг ногоон Дарь эхээ ч Бадамлянхуан дэлбээн дээр залсан байдаг.

Халуун оронд ургадаг эл цэцгийг Энэтхэгт Бадам, Төвдөд Мядаг гэж нэрлэдэг. Харин Хятадаар Лянхуа (лянь нь том дэлбээ, хуа нь цэцэг гэсэн утгатэй) гэх бөгөөд Монголчууд яагаад ч юм Энэтхэг Хятад нэрийг нь нийлүүлэн нэрлэж заншжээ. Харин европчууд LOTUS гэж нэрлэн мөн л анхилам үнэрийг нь магтан ариун нандин гэж үздэг байх юм.

Пүүзэн хээ бол нэн эртний хүн ба амьтан дүрст хээнээс үүдэлтэй бөгөөд ланз ба пүүз нь эр эм хээ болон хосолдог. Ланзийг “шалзан” хээ ч гэж нэрлэх нь бий. Урлаг судлаач доктор Л.Батчулуун хачиг, шалз нь салхинд хөөрөгдөн тэнгэрт гарч хаврын улиралд тэнгэрээс унаж ирдэг амьтан тул түүнийг тэнгэрийн амьтан гэж үзэх үзэл түгээмэл байсантай холбогдон хээ угалзад орсон байж болох талаар өгүүлж байсан. Пүүз нь дангаараа бол нар, сарыг билэгддэг. Тиймээс ч түүнийг хамгаалсан байдлаар ланз хоёр талд нь тавих буюу бусад хээгээр хүрээлүүлэн хамгаалсан чимэглэл түгээмэл үзэгдэх бөлгөө.

Дээр өгүүсэнчлэн өрвөн арвайн тамга нь их жасынх. Их жас нь татвар хуримтлагдаж байдаг богдын нэгдсэн сан(төрийн сан)-гийн билэгдэл болж таарч байна. Эндээс харвал шангийн цоохор товч нь шашин төрийг хослон барихыг билэгдсэн байна гэж ойлгогдохоор.

Товчны ерөнхий дүрслэл нь дэлбээгээ хумьсан цэцэгний хэлбэртэй. Алтай язгуурын хэлтэнүүдийн дотор гуль гэх ойлголт байх ба дэлбээгээр хумьсан, хамгаалагдсан ургамалын төрлийг хэлдэг гэнэ. Одоогийн Турк хэлэнд гуль гэдэг нь бол дэлбээтэй цэцэг, харин Казахаар цэцэг гэсэн үг юм байна. Батчулуун доктор бол Монгол хэлний хул гэсэн үг гэж хэлнэ билээ. Миний ойлгосноор бол үрээ хамгаалан дэлбээгээ хумьсан цэцэг гэж зүйрлэж болохоор. Уг товч нь Бадамлянхуян дэлбээгээр пүүзэн хээ (нар, сар)-г хамгаалсан, хумьсан дүрслэлтэй. Өөрөөр хэлбэл үрээ хамгаалсан таван дэлбээ дүрслэн, үрийнх нь оронд пүүзэн хээ суулгажээ.

Шашин төрийг хослон баригч Жавзундамба хутагтын дээлийн товч ч алтаар урласан шангийн цоохор! Нар сарыг атгасан бадамлянхуан таван дэлбээ, дээлийн энгэрийн задгай талаас гарах гарзыг хаасан дөрвөн арвайн тамга.., төгөлдөр билэгдэл!

Өрнөдийн улс төрийн философид зүүний үзэл гэх хандлага бий болон хөгжиж улс төр, эдийн засгийн бодлогын нэг тулгуур ойлголтыг бий болгоод байгаа билээ. Энэхүү үзэл хамт олонч нийгмийг байгуулах социализмын онолоор эхэлсэн ч өдгөө олон улс оронд хэт зүүний бус үзэл буюу социал демократ (зүүн төвийн) үзэл болон төлөвшиж байна. Уг онол нь хөгжлийн бүх асуудлыг дан ганц зах зээлийн механизмд найдаад орхиж болохгүй бөгөөд хүн бүр өөрийгөө бодсон аминч байдгийг хүлээн зөвшөөрөх боловч мэдээлэл тэр бүр ижил хүртээмжтэй байдаггүй тул нийгмийн хөгжил хоцорно гэсэн санаанаас үүдэлтэй.

Тэд нийгэмд хэний ч бус баялаг (нийгмийн бараа) бүтээхийг дэмжин уухайлах ба хөгжил бол төрөөс удирдсан томоохон компанит ажлуудын үр дүнд ирдэг гэдэгт итгэдэгээрээ барууны үзэлтнүүдээс эрс ялгардаг.

Анх 60 жилийн өмнө Франкфурт хотноо дэлхийн Социал демократууд нэгдэн соц-интерн (socialist international) гэх олон улсын байгууллага байгуулан жил бүр хуралдаж, хүн төрөлхтөнийг хөгжүүлэх шинэ туршилтын хөтөлбөрөө танилцуулдаг болжээ. Тэдний билэгдэл нь улаан сарнай байдаг бөгөөд түүний нэгэн гишүүн болох МАХН (одоогийн МАН) энэхүү улаан сарнайг билэгдлээ болгодог.

Гэхдээ Соц-Интэрний билэгдэл нь нийтлэлч Баабар савны раак шиг гэж гоочлоод байдаг тэмдэгээс арай өөр л дөө. Сүүлд луйварчдын баяр гэж нэрлэгдэх болсон МАХН-ын залуучуудын байгууллагын имиж болсон хамгийн тансаг шинэ жилийн баярыг “Алтан сарнай” гэж нэрлэдэг нь ч үүнээс үүдэлтэй.

Энэ савны рак шиг билэгдлийг хэн зохиосныг сөхвөл бас нэгэн сонирхолтой дүр зураг харагддаг. МАХН сонгуульд ялагдан анх удаагаа энэ намаас гудамж метрлэгчид төрлөө. Энэ үеэс Н.Энхбаяр намын эрх мэдлийг гартаа оруулж Нагаржунайн төв ёсны үзэл хэмээх улс төрд ямар ч хамаагүй философоос (хос ёсны үзэл нь харин хаант төрийн төр ба шашныг хамтатгахыг сургадаг) нь салгаж орчин үеийн өрнөдийн улс төр, эдийн засгийн үзэл болох зүүн төвийн үзэлтэй хэмээн тунхаглав. Тэр үед Соц-Интернийг ч, түүний билэгдэл улаан сарнайг ч Монголчлох ажлыг Н.Энхбаяр хийсэн байдаг. Удалгүй соц-интернийн гишүүн болон бүртгүүлсэн бөгөөд түүний шууд үргэлжлэл болох МАН ч саяхан гишүүнээ дахин баталгаажуулсан билээ.

Гэвч Н.Энхбаяр зүүн төвтөн биш харин зүгээр л эрх мэдлийн шуналтан (Нагаржунайн хаанд илгээсэн захидалд өгүүлсэнчлэн “гэрлээс гэрэлд үйлдэх” нь бүү хэл, “дотор гадна хоёул түүхий” хүнийг хос ёсны үзэлтэн гэж хэлбэл хэт дөвийлгөсөн болох биз) байсан нь өдгөө олон зүйлээс ажиглагдаж байгаагийн нэг нь билэгдэл юм. Түүний хийж байсан үйлдэл бүр нь хар төрмөөр.

Ерөнхийлөгч болохдоо өмссөн алтан утсаар зүү ороож, таж хатгасан дээл нь доод тив хийгээд сүн далай, сүмбэр уулыг дүрсэлсэн байдаг зэргээс үзвэл тэр дорнын билэгдэлийг мэдэхгүй байх учиргүй. Дээлийн энгэрийг сэтгэлийн гэмийг үлдэн хөөх хар эмжээрээр эмжсэнийг ч олж үзэж болно. Энэ дээлийн билэгдэл бол яах аргагүй Богдуудын өмсч эдэлж байсан дээлүүдийнх билээ. Гэхдээ шашны билэгдлүүдийг багтаасан хэр нь Цогт очир, луу зэрэг Манж чин улсын билэгдлүүдийг нь хассан байгаа нь билэгдэлд тун ч няхуур хандсаныг илэрхийлдэг.

Тэрээр шашны мяндагтануудтай ихэд шадарлан, цагаан сар, тэр ч бүү хэл бурхан багшийн их дүйчин өдрөөр Ганданд очин түмэн олныхоо заяа төөргийг даатган ном хуруулна.

Бүр МАХН-ын логог сайн ажвал өнгө нь л улаан болохоос биш дэлбээ  нь сарнайнх биш харин өнөөх Бадамлянхуан дэлбээ, дэлбээнийх нь тоо тав байгааг олж харж болно. (Бадамлянхуа байгаль дээр цагаан, яагаан 2 төрөл л байдаг гэх юм билээ)

Шашин төрийг хослон баригчын дээлийн товч пүүз атгасан таван дэлбээтэй бадамлянхуа, МАХН-ын лого нь эв загас атгасан таван дэлбээтэй бадамлянхуа… Эв загас нь сонор соргог ба арга билгийн илэрхийлэл бөгөөд хос ёсны уламжлалыг ч билэгддэг. Энэ хоёр гайхалтай адилхан, та энэ товчийг Богд хааны музей дэхь хаадын дээлийн товчноос үзэж болно.

Энэ хүн бол Хувьсгалын Х үсэгийн төлөө хөөцөлдөөд байгаа зүгээр нэг улс төрийн ч хүн биш, зүүн төвийн үзэлтэн ч биш. Энэ хүн бол ямар ч үнээр хамаагүй Шашин төрийг хослон барихыг хүсэгч! Очирвааны (Отгон тэнгэр уул) оройд улс төрчдийг яах гэж дагуулж гарсан бол? хамт явагсдынх нь сэтгэгдлийн гулгидас дүүрэн сонингийн хуудас ч шарлаж амжаагүй байна. Одоо харин тэрээр сүслэн мөргөгчидөө дагуулан Хувьсгалын уухай хашгиран явна. МАХН-аас авч үлдсэн Х үсэг нь бидний нийгмийн үнэт зүйл Үндсэн хуулийг маань үгүйсгэж байгаа бол бид тэвчихгүй!

Таж магнаг дээлтэй малийтал инээгээд, ар хударгаараа хос ёсоо сурталдаж явахад чинь бид Үндсэн хуульдаа итгэж байсан учраас дуугай суусан, одоо харин бид Үндсэн хуулиа хамгаалан албан тушаалд очих бүртээ өргөж байсан тангарагийг чинь сануулна.

МАН-ийнхан Х үсэг булаацалдаж суухын оронд Бадамлянхуан дэлбээг нь Х үсэгтэй нь өгөөд явуулж чадаагүй нь тоогүй. Одоо хэнд ч хэрэггүй Х үсэг булаацалдаад, шашин төрийг хослон барихын хүсэл тачаалынх нь илэрхийлэл болсон Бадамлянхуан таван дэлбээнд нь Алтан Соёмбо атгуулан толгой дээрээ залж суугааг нь харахад ч өрөвдөм! Ийм илэрхий юманд дээрэлхүүлж суухыг нь бодохоор Монголчлогдсон зүүн төвийн үзлийг нь өөрчилж дийлэхгүй Нийгмийн Ардчилал гэх ядуухан хазгай орчуулга хийж байгааг нь ойлгож болох мэт.

М.Чимэддорж
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж