Баянхонгор аялал жуулчлал хурдацтай хөгжих боломжтой бүс нутаг

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Баянхонгор аялал жуулчлал хурдацтай хөгжих боломжтой бүс нутаг

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баянхонгор аймгийн аялал жуучлалын өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар Баянхонгор аймгийн БОАЖГазрын дарга Л.Мандалтай ярилцлаа.

    -Баянхонгор аймагт аялал жуулчлал хэр зэрэг хөгжиж байна вэ?
    Баянхонгор аймаг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор анх 2006 оноос санаачлага гаргасны үндсэн  дээр “Аялал жуулчлалын тухай” хуульд заасны  дагуу тухайн орон нутгийн онцлогт тохируулсан аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор  аймгийн Засаг  даргын дэргэд аялал жуулчлалын алба байгуулсан. АЖ-ын алба нь Баянхонгор аймагт аялал жуулчлал хөгжүүлэх мастер төлөвлөгөө болох бодлогын бичиг баримт боловсруулж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.  Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний хэрэгжих хугацаа нь 2008-2020 он хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөр хэрэгжиж дуусахад тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн байна гэдэгт бид итгэлтэй байна.

    -Та аймгийнхаа аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг яаж тодорхойлж байна вэ?

    Мэдээж тухайн бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд тухайн газар нутгийн  байгалийн унаган төрх, цэвэр тунгалаг ус, агаар, төрөл бүрийн ховор ан амьтан, ургамал, байгалийн элдэв сонин тогтоц, гол мөрөн, нуур, рашаан, нүүдлийн соёл иргэншил, ард түмний зан заншил, аж төрөх ёс, олон мянган жилийн түүх, соёл, археологийн ховор нандин дурсгалууд  дээр тулгуурлж хөгжүүлэх нь зүйн хэрэг мөн. Эдгээр нь тухайн бүс нутгийн аялал жуулчлалын онцлог,  нөөц бүтээгдэхүүн болдог шүү дээ. Жишээ нь :

    Манай аймагт байгалийн үзэсгэлэнтэй газрууд олон байдаг түүний дотор палеонтологийн хосгүй ховор сонин олдвор бүхий Бүгийн хоолой, Ногоон цав, Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн түүх, соёлын дурсгалыг агуулсан Цагаан агуй,  Чин Сүжигт Номун Ханы хүрээ, Галуутын хавцал, Шаргалжуутын рашаан зэрэг олон сонирхолтой газрууд байхын зэрэгцээ уул нуруу, тал хөндий зэрэг байгалийн үзэсгэлэн төгөлдөр гол нуур, рашаан, цав толгод, түүхэн дурсгалт газрууд, хадны сүг зураг, эртíий бичээс, буган ба хүн чулуун хөшөө, чулуун зэвсгийн бууц, суурин дархны газрууд, хүрээ болон сүм хийд бий. Мөн дархан цаазат, байгалийн цогцолборт газрууд болон ховор амьтан, ургамлыг нэрлэж болох юм.

    Ийм учраас Баянхонгор аймгийн нутаг нь аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нөөц ихтэй манай орны онцгой бүс нутгийн нэг юм.

    -Аялал жуулчлалын хөгжлийн үе шатыг тодруулбал.
    Баянхонгор аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, бодлого стратегийг дараах байдлаар бид тодорхойлж байна.

    1.    Аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий стратеги
     
    1. Бүтэц зохион байгуулалтыг хөгжүүлэх
    2.    Эрх зүйн орчинг боловсронгуй болгох
    3.    Байгаль орчин, түүх, соёлын өв
    4.    Дэд бүтэц, ахуй үйлчилгээ, хүрэх зам
    5.    Таниулан мэдүүлэх, маркетинг, суртачилгаа
    6. Мэргэшилт, хүний нөөцийн бааз
     
    2.     Аялал жуулчлалын бүс нутгийн төлөвлөгөө
     
    1-р бүс: Баянхонгор хот
    2-р бүс: Их, Бага Шаргалжуут
    3-р бүс: Говийн бүс
    4-р бүс: Хүрэн бэлчирийн бүс
    5-р бүс: Хангай бүс болон хил зэргэлдээ аймгууд, хөрш орнуудын  сүлжээнд холбогдох стратеги бодлогуудыг  барьж ажиллаж байна. Дээрхи графикт орсон ажлууд эхнээсээ хэрэгжиж тодорхой хэмжээний үр дүнд хүрч байна.

    -Аялал жуулчлалын хөгжлийг дэд бүтцийн хөгжилгүйгээр төсөөлөхгүй байх. Танай аймагт энэ салбарын дэд бүтэц хэр зэрэг хөгжиж байгаа вэ?
    Тэгэлгүй яахав таны ярьж байгаа үнэн л дээ аялал жуулчлалын салбарт дэд бүтэц маш чухал зам харгуй, харилцаа холбоо, интернет, үзвэр үйлчилгээ, байршуулах газрын үйлчилгээ зэргийн хөгжил нь сайн байж жуулчдын үйлчлүүлэх тав тухай орчин бүрдэнэ шүү дээ. Харин аялал жуулчлалын салбар төдийлөн сайн хөгжөөгүй зарим аймаг, орон нутагт жуулчны байгууллагуудын үйлчилгээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь жуулчдын сэтгэл ханамжинд нөлөөлж байна.  Энэ нь орон нутагт боловсон хүчин дутмаг, холбогдох байгууллагуудын харилцаа холбоо муугаас мэргэжлийн боловсон хүчин авч ажлуулах асуудал учир дутагдалтай байгаа нь  энэ бүхэнд нөлөөлж байна.

    – Сүүлийн асуултыг таньд үлдээе. Уншигчдад маань хандаж хэлэх, зөвлөх зүйл байвал хэлэхгүй юу?
    Аялал жуулчлал бол дэлхийн хэмжээнд байгалийн нөөцийг ашиглаж байгаа нэг хэлбэр. Зарим улс орон дан ганц аялал жуучлал нь тухайн орны нийгэм эдийн засгийн гол хөшүүрэг нь болж байна. Тиймдээч аялал жуулчлал нь байгаль хамгаалах сонгодог арга болоод байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна.

    Иймээс ч тус аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдхүүнийг иж бүрнээр боловсруулан зах зээлд нийлүүлэх нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Монгол оронд аялал жуулчлал сүүлийн арван жилд нилээд эрчимжиж байгаа нь эрдэмтэн судлаачдаас энэ чиглэлээр судалгааны зарим ажлуудыг гүйцэтгэхэд зохих түлхэц өгч байна. Гэхдээ манай аялал жуулчлалын байгууллагуудын аялалын маршрутад гол төлөв Хөвсгөл, Хэнтий, Архангай, Хар хорин, говь гэсэн цөөхөн хэдэн бүс нутаг хамрагдаж байдаг.

    Гэтэл байршлын хол ойр, зам тээврийн хөгжлөөс шалтгаалаад зарим бүс нутгууд төдийлөн хамрагддагүйг нуух юун. Тиймээс ч үүний нэг жишээ болох Баянхонгор аймагт аялал жуулчлалыг хурдацтай хөгжүүлэхэд онцгой анхаарч тус аймгийн үзэсгэлэнт хосгүй газруудыг сурталчлах, хөгжүүлэх, материаллаг баазыг нь баяжуулах замаар гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах, байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газрууд түүний нөөц баялагийг түшиглэн жуулчны баазуудыг өмнөхөөс илүү анхаарч байгуулах нь Баянхонгор аймаг төдийгүй манай улсын аялал жуулчлалд үнэтэй хувь нэмэр болох нь тодорхой юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж