Байгаль хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ

Дэлхийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нээлттэй нийгэм форумаас хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны шинэчлэл-1” төслийг 2005-2006 онд хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн үргэлжлэл болох “Байгаль орчны шинэчлэл-2” жижиг төслийн уралдаанд шатанд шалгарсан 51 төслийг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөг өнөөдөр “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын танхимд боллоо. Энэ арга хэмжээ нь шалгарсан төслүүдийг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүст санал солилцох, туршлага судлах, ажил хэргийн холбоо тогтоох зэрэг боломжуудыг бүрдүүлж буйгаараа онцлогтой байлаа. “Байгаль орчны шинэчлэл-2” төсөл нь 2008-2011 онд хэрэгжих бөгөөд үндэсний болон орон нутгийн төвшинд явуулж буй байгаль орчны үйл ажиллагааг үнэлж сайжруулахад орон нутгийн төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн байгаль орчноо хамгаалах, ашиглахад анхаарах асуудалд боловсролын хөрөнгө оруулалтыг хийх, байгаль орчны стратеги төлөвлөгөөг боловсруулах, байгалийн баялгийн зохистой менежментийг бий болгоход чиглэгдсэн жижиг төслүүдийг дэмжин хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарч сонгон шалгаруулалтыг хийсэн болохыг зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаагийн төслийн сонгон шалгаруулалтын комисст анх удаа төрийн бус байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн ажиглагчийг оролцуулан хийснээрээ илүү давуу талтай болсон гэж үнэлж байв. Энэхүү төсөл хөтөлбөрийг Нидерландын Засгийн газраас санхүүжүүлж, Дэлхийн банкны дэргэд Итгэлийн сан байгуулан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар дамжуулан төсөл хөтөлбөрт шалгарсан орон нутгийн байгаль орчны нөхөрлөл, төрийн бус байгууллага, судлаач мэргэжилтнүүдийн багууд өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний жилийн уралдааныг өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-ноос энэ оны нэгдүгээр сарын 15 хүртэл олон нийтэд ил тод зарласан бөгөөд шалгаруулалтанд Монгол улсад бүртгэлтэй байгаль хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллага, байгаль орчны нөхөрлөл, хамтлаг болон судлаач, мэргэжилтнүүдийн багийг төлөөлсөн 616 оролцогч оролцсон байна. Эдгээрээс байгаль орчны менежментэд бодит хувь нэмэр оруулахуйц шинэлэг санаа дэвшүүлсэн, оновчтой шийдэлтэй, бодит төлөвлөлт төсөвт үндэслэсэн тодорхой үр дүн, бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн байгаль орчны бодлого хөтөлбөр, бусад төсөлтэй уялдсан байх зэрэг шалгуураар нийтдээ 280.598 ам. долларын 51 төсөл шалгаруулж, өнөөдөр тус жижиг төслүүдийн ажилтнууд хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас гарах үр дүн, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ. Эдгээр төслүүд нь есөн сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийн үр дүн, тайланг ирэх 11 дүгээр сарын 30-нд Дэлхийн банкинд хүргүүлэх ёстой юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж