Хятад удахгүй АНУ-ыг айлгахаа болино

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Хятад удахгүй АНУ-ыг айлгахаа болино

Хятадын гадаад худалдаа алдагдалтай гарсанд америкчууд баяр хүргэн алга ташиж байна. Тэр ч байтугай “Харав уу, та минь. Бид хөөцөлдөж байж ийм үр дүнд хүрлээ” хэмээн сайрхах болж. Ямартай ч Барак Обамагийн засаг захиргааныхны хувьд Хятадын эрх баригчдад удаан хугацааны турш анхааруулж, валютын бодлогоо өөрчлөхийг шаардсан нь өнөөдөр үр дүнгээ өгсөн гэхэд буруудахгүй.

Хятадын худалдааны алдагдал өнгөрсөн сард 2010 оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өсчээ. Энэ нь тус улсын импорт 19.4 хувиар нэмэгдсэнтэй холбоотой. Ингэснээр тэрбум гаруй хүн амтай Хятад улс жинхэнэ утгаараа  хэрэглэгч зах зээл болох эхлэл тавигдаж байна гэж дүгнэж болох юм. Тус улсын импорт нэмэгдсэний дүнд гадаад худалдаа нь 7.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ бүхэн Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао тэргүүтний амлаад байсан “Дотоодын эрэлтэд түшиглэсэн эдийн засгийн бодлогыг хөгжүүлнэ” гэх үг хоосонгүй гэдгийг нотоллоо.

АНУ-ын хувьд Хятадын юанийн ханшийн өөрчлөлтийг хамгийн их шүүмжилдэг улс. Тэд АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудын гадаад худалдаа хэтэрхий их алдагдалтай гарч байгаагийн буруутнаар Хятадыг нэрлээд байсан юм. Хятадын тал 2008 онд юанийн ханшийг ам.доллараас уяж, хүчээр бага түвшинд барьсан билээ. Энэ нь ялангуяа Америкийн үйлдвэрлэгчдэд хүнд туссан юм. Тухайн үед Хятадын экспортлогчдын бараа, бүтээгдэхүүн олон улсын зах зээл дээр хямд өртөгтэй гарч эхэлсэн нь АНУ-ын зах зээл хумигдах шалтгаан болжээ. Ямартай ч юанийн ханшийг зах зээлийн бодит түвшинээс 40 хувиар доогуур үнэлж байсан явдал америкчуудад таалагдаагүй юм.

Барак Обама өнгөрсөн оны зургадугаар сард Хятадын албаны төлөөлөгчидтэй уулзаж, тэднээс юанийн ханшийг чөлөөлөх амлалт  авсан билээ. Хятадын хувьд уг асуудалд нэлээд тайван хандаж “Бид юанийн ханшийг аажмаар чөлөөлнө. Эс тэгвэл зөвхөн Хятад төдийгүй дэлхийн эдийн засгийн харилцааны тэнцвэр алдагдана” гэсэн юм. Ямартай ч энэ бүхний эцэст өнгөрсөн оны сүүлч гэхэд юанийн ханш хоёр хувиар чангарчээ. Гэхдээ энэ нь АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнерийн санааг амраасангүй. Тэрбээр ойр ойрхон мэдэгдэл гаргаж, Хятадын эрх баригчид юанийн ханшийг илүү хурдан хугацаанд өсгөх шаардлагатай гэж дүгнэсэн. Тэр ч байтугай АНУ-ын Засгийн газрын өр 14 тэрбум ам.долларт хүрч, эдийн засаг нь хямран, ажил­гүйдэл ихэсч байгаагийн шалт­гааныг юанийн ханштай холбон тайлбарласан юм. Хэдийгээр тэдний энэ байр суурь бодит байдалтай бүрэн утгаараа нийцэхгүй боловч бас ч үнэний хувьтай. Энэ бүхнээс болж хоёр орны хооронд худалдааны дайн дэгдэх шахаж, тус бүрийн компаниудын зах зээлийг хумихад чиглэсэн бодлого явуулан хууль баталж эхэлсэн билээ. Ингэснээр дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч хоёр их гүрний харилцаанд сэв суух вий гэх болгоомжлол олон улсад хүчээ авч байв.

Энэ он гарснаас хойш хятадууд юанийн ам.доллартай харьцах ханшид нэлээд анхаарал хандуулах болсон. Тэр ч байтугай юанийн ханшийг ойр ойрхон нэмж эхэлсэн билээ. Үүний дүнд тус улсын экспортлогчдын өрсөлдөх чадвар буурч, гадаад худалдааны алдагдал нь нэмэгдэж эхэлжээ. Үүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын статистик мэдээнүүд харуулж байна. Гэхдээ Хятадын хувьд ийнхүү импортоо ихэсгэх болсон шалтгаан нь АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт, шахалт гэхээс илүү дотоод хүчин зүйлээс  хамааралтай юм. Сүүлийн үед Хятадад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт гаарч байгаа. Үүнтэй зэрэгцээд Ойрхи Дорнодын хямрал даамжирч байгаагаас  хамаарч олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ огцом нэмэгдэж, брэнт маркийн газрын тосны үнэ тэнгэрт  хадсан. Энэ бүхэн нь улс орнууд түүхий эдийн  нөөцдөө санаа зовохоос өөр аргагүйд хүргэсэн юм. Хятадын хувьд ч мөн адил эл асуудлыг анхаарч эхэлжээ. Өнгөрсөн сард тус улсын эрх баригчид дотоодын зах зээл дээр борлуулж байгаа түлш, шатахууны үнээ нэмсэн. Энэ нь Хятадад инфляци нэмэгдэх гол үндэс болж байна. Ажиглагчдын дүгнэж байгаагаар тус улсын эрх баригчид үнийн хөөрөгдлийг сааруулахын тулд мөнгөний бод­логоо  чангаруулж, юанийн хан­шийн өсөлтийг  хурдасгах бо­лолтой. Тиймээс Хятадын бод­лого боловсруулагчид АНУ-ын шүүмжлэлийг хүлээн авч байгаа дүр үзүүлж, тэдний хүссэн хариултыг харамгүй чулуудаж байгаа гэхэд буруудахгүй.

Хятадын Ардын банкны Мөн­гөний бодлого хариуцсан салбарын тэргүүн Жан Сяохуй саяхан тус улсын валютын бодлоготой  хол­боотой асуудлаар мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “Юанийн ханшийн өөрч­лөлтийг Хятадын Засгийн газар дэмжиж байгаа. Түүнчлэн бодлогын хүүг нэмж, банкуудын зээлийн орч­ныг хязгаарлах замаар газар авсан үнийн өсөлтийг зогсоох боломжтой” гэсэн юм. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын албаны төлөөлөгчийн мэдэгдэл ч гарчээ. Тус улсын Худалдааны сайд Рон Кирк уржигдар “Б.Обамагийн засаг захиргаа Хятадын мөнгөний бодлогын өөрчлөлтийг сайшааж байгаа. Цаашид тус улсад үзүүлэх дарамт, шахалтаа бүр мөсөн арилгахгүй боловч сулруулна” гэсэн юм.

 Одоогоор юанийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн оны зур­гадугаар сарынхтай харьцуулахад дөрвөн хувиар чангарчихаад байгаа билээ. Өчигдрийн байдлаар, нэг ам.доллар 6.5634 юаньтай тэнцжээ. Энэ нь юанийн ханшийн өөрчлөлт харьцангуй уян хатан болж бай­гаагийн тод илрэл юм. Харин экспорт буурсан тухайд шинжээчид үүнийг бүхэлд нь юанийн ханшийн өөрчлөлттэй холбоотой гэж үзэхгүй байна. “JP Morgan”-ы шинжээчдийн үзэж буйгаар Хятадын дотоодын зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байгаагаас үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн билээ. Энэ нь гадагшаа гарах зардлыг нь ихэсгэжээ. Тиймээс өнгөрсөн сард Хятадын экспорт огцом буурсан байна. Ямартай ч энэ онд юанийн ханш ам.долларын эсрэг таван хувиар чангарна гэх хүлээлт байгаа юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж