Ким Чен Уныг Хятадад айлчилна гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Ким Чен Уныг Хятадад айлчилна гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн бага хүүг Хятадад хүрэлцэн ирэхийг урьсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Ким Чен Ун Хятадын албаны хүмүүстэй энэ сарын 14-нд уулзаж магадгүй хэмээн Японы өдөр тутмын “Санкэй” сонинд бичжээ. Тэрбээр Хойд Солонгосын армийн генералын албыг хашиж байгаа бөгөөд Хятадад анх удаа албан ёсны айлчлал хийх гэж байгаа нь энэ юм. Ким Чен Уны хувьд эцгийнхээ албыг үргэлжлүүлэн хаших хүнд­тэй үүргийг хүлээсэн. Тиймээс өнгөрсөн есдүгээр сард армийн  генерал болсон юм. Ким Чен Ун Хятадын бүх ард түмний их хурлын дараа БНХАУ-ын дарга Ху Жинтао болон дэд дарга Си Жинпинг нартай эхэлж уулзах юм. Энэ үеэр “Хойд Солонгосын тал Хятадаас санхүүгийн болон хүнсний тусламж хүсэх болов уу” гэж ажиглагчид таамаглаж байгаа аж. Харин Хятадын тал Ким Чен Ирийн эрүүл мэндийн байдал хэр байгаа болон Ойрхи Дорнодын орнуудад болж буй хувьсгал Хойд Солонгост хэрхэн нөлөөлөх вэ зэрэгт нэлээд анхаарал  хандуулж байна. Тэгвэл Өмнөд Солонгосын хууль сахиулагчид болон аюулгүйн алба энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Хойд Солонгосын ирээдүйн удирдагчийн энэхүү айлчлал нь улс төрийн чухал ач холбогдолтой бөгөөд Хятадтай харилцаа холбоогоо бататгах гэсэн зорилготой гэж тэд үзэж байна. Тус улсын албаны төлөөлөгчид “Манай улс АНУ-тай хамтран Хойд Солонгост хоол хүнсний тусламж  үзүүлэх санал тавьсан” гэдгээ олон улсад зарласан. Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ун Хятадад айлчлах үедээ албаны хүмүүстэй ирэх эсэх нь эргэлзээтэй байгаа гэж Өмнөд Солонгосын хууль сахиулагчид онцолсон юм.

Дэлхий дахинд хамгийн “хаалт­тай” оронд тооцогддог Хойд Солонгост  нөхцөл байдал тун хүнд байгаа билээ. Учир нь өнгөрсөн лхагва гарагт “Хойд Солонгос Африкийн улс орнуудаас хоол хүнсний тусламж гуйсан” талаарх мэдээлэл гарсан. Ер нь “Хар” тивийн орнуудаас хоол хүнс гуйна гэдэг нөхцөл байдал ямар хүнд байгааг гэрчилнэ. Тэр тусмаа эдийн засгийн “хорт хавдар” туссан Зимбабвегаас шүү. Газар хатуу, тэнгэр хол Хойд Солонгосын ард түмэн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа энэ үед НҮБ таг чиг байгаа нь учиртай биз. Өнгөрсөн 2008 онд хоёр Солонгосын харилцаа муудахаас өмнө НҮБ болон Өмнөд Солонгос жил бүр 400 мянган тонн цагаан будаагаар тусламж үзүүлдэг  байсан юм. Цөмийн зэвсгийн хөтөлбөрөөр улс орнуудтай то­хиролцоонд хүрч чадаагүй  зэргээс болж НҮБ-ын хүнсний тусламжийн үйл ажиллагаа зогссон билээ. Харин АНУ-ын Солонгосын хой­гийн асуудал хариуцсан онцгой төлөөлөгч Стефэн Босвортийн мэдэгдсэнээр “Манай улс хаана ч хэзээ ч аль ч оронд хүнс болон бусад тусламжийг үзүүлэхэд бэлэн. Гэвч Хойд Солонгост тавьсан саналыг маань хүлээн зөвшөөрөөгүй учраас л ийм байдал үүслээ” гэжээ.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж