Дуурийнхан Дарханчуудыг гайхшруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Дуурийнхан Дарханчуудыг гайхшруулжээ

Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн хүрээнд “Дархан их урлаг-2011” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд Соёл урлагийн байгууллагууд Дарханчуудад тоглолтоо хүргэж байгаа юм. Энэ сарын 5, 6-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 150 хүний бүрэлдэхүүнтэй айлчилж, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Э.Чойдог “Чойжид дагина” балет, гала тоглолтоо хийгээд ирсэн юм. 

Дарханчууд театрын уран бүтээлчдийг халуун дулаанаар хүлээж авсан төдийгүй дуучид, бүжигчид, хөгжимчид, удирдаач энэ хоёр өдөрт үзэгчдийг ёстой л бишрүүлсэн байна. Дарханд болсон тоглолтын сураг сонсох нь ээ, Дархан-Уул аймгийн театр үзэгчээр дүүрч, “Учиртай гурван толгой” дуурийн ариг дахиулсан гэнэ. Дуурийн ариг дахиулж байна гэхээр үнэхээр бахархмаар. Мөн “Хунт нуур” балетын үеэр гоцлооч О.Ганцоож үсрэлт хийхдээ агаарт хэдэн секунд тогтсон гэнэ.  Харин театрын шинэ хун хэмээгдэж байсан Б.Саруул тайзан дээр гараад жинхэнэ үзүүлээд өгсөн гэсэн. Ямартай ч Дарханчуудыг гайхшруулж, бишрүүлсэн Дуурийн театрын уран бүтээлчдийн тоглолтыг дахин үзэхийг хүссэн Дарханы үзэгчид утас цохин тоглолтын тасалбар захиалах болсон гэнэ шүү. Ирэх бямба гаригт театрт Б.Шаравын “Чингис хаан” дуурьтай, мөн ням гаригт П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг тоглох юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж