Д.Болд “Монгол поп”-оо дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Д.Болд “Монгол поп”-оо дэлгэлээ

Дуучин Д.Болд өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд “Монгол поп” цомгоо албан ёсоор танилцуулан хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа. Өнгөрсөн хоёрдугаар сард борлуулалтад гарсан түүний “Монгол поп” хэмээх шинэ урсгалын анхны цомог болох уг цомог нь борлуулалтаараа тэргүүлсээр байгаа билээ. Тэрбээр энэхүү шинэ урсгалаараа дамжуулан Монгол үндэсний уламжлал, язгуур урлагийг олон нийтэд таниулах, монголчууд монгол үндэстнээрээ бахархах үндэсний сэтгэлгээг бий болгоход зохих хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү төслөө эхлүүлжээ. Дуучин Д.Болд “Энэхүү төсөл цомог гаргаснаар зогсохгүй бөгөөд цаашид шинэ залуу уран бүтээлчдийг энэ урсгалаар төрүүлэн гаргах, Азид, бүүр цаашлаад дэлхийд өөрсдийн гэсэн урсгалаар уран бүтээлээ гарган танигдах, Монголоо сурталчлах гүүр болно” хэмээн ярилаа. Түүний “Монгол поп” цомгийн шүлгүүд дээр соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа, яруу найрагч Д.Ган-Очир нар ажилласан бол  цомгийн хөгжмийн найруулгыг хөгжмийн найруулагч Н.Баярхүү хийж, “Хээрийн салхитай аялгуу” дууны хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав зохион гэрэл зураг, цомгийн “cover designer”-аар Дашка нар хамтран ажиллажээ.
“Монгол поп” цомгийн баяраа тэрбээр ирэх дөрөвдүгээр сард бүрэн хэмжээний цэвэр амьд тоглолтыг рок,поп болон үндэсний хөгжимтэй хослуулан хүргэх юм байна. Мөн энэхүү “Монгол поп” урсгалаа олон нийтэд таниулах зорилгоор Монгол орон даяар аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Монгол поп урсгалыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд дан ганц дуучин Болд зүтгэх биш рок попынхон ч энэхүү урсгалаар уран бүтээлээ хийн залуу хойч үедээ өөрсдийн агуу соёл урлагаа орчин үеийн поп урсгалтай хослуулан өвлүүлэн тэдний бахархал болгох зорилгоор цааш цаашдын олон ажил төлөвлөөд байгаа гэлээ.  Дашрамд сонирхуулахад тун удахгүй mongolpop.mn сайт нээгдэх бөгөөд энэхүү сайтаас түүний шинэ урсгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, дуунуудыг нь болон Монголын уламжлал соёл урлаг, ёс заншил  гээд бүх талын цогц мэдээллийг авч болох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж