Нийслэлийнхний хэрэгцээг хангах түлшний мод хаачив

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхний хэрэгцээг хангах түлшний мод хаачив

Ард түмний нэрийг барьж, тендер нэрээр хэтэвчээ зузаалдаг бизнес, “мөнгө угаах” арга сүүлийн жилүүдэд цэцэглэх болсон.

Манай сонины редакцид цэргийн ангийн хашаанд өнгөрөгч оны намраас эхлэн их хэмжээний мод хураалттай байгаа, энэ ямар учиртай юм бол, юу хийх гэж байгаа тухай сурвалжлаад өгөөч гэсэн хүсэлт ирсэн юм. Үүний дагуу манай сурвалжлах хэсэг Зэвсэгт хүчний ар тал, материал хангалтын төв бааз 310-р ангийг зорилоо.

Их хэмжээгээр хураасан мод хэд хоногийн өмнө хашаагаар дүүрэн хураасан байсан гэсэн хэдий ч хэдэн нарийн сургааг, модны холтосноос өөр зүйл байсангүй. Ойр хавийн иргэдээс энэ талаар асуулаа.

-Ангийн хашаанд их хэмжээний мод хураалттай байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Үнэн. Өнгөрсөн намар нэлээд их хэмжээний мод байсан. Он гарсаар бага багаар ачуулаад одоо бараг дууссан.

-Тэр модыг хаашаа ачуулсан талаар таньд мэдээлэл байна уу?
-Сураг сонсоход банз болгож зүсүүлж байгаа гэж хүмүүс ярьж байсан. Бас Амгаланд байдаг хангамжийн хашаанд хагас нь байгаа. Чухам аль зах дээр зүсүүлж байгаа юм бүү мэд гэсэн хариулт өгсөн юм.

Хүмүүсээс сурагласаар Амгалан дахь хангамжийн хашаанд ирэхэд үнэхээр залуу, эрүүл хар мод их хэмжээгээр хураасан байсан нь бидний анхаарлыг маш ихэд татсан. Үүнийг тодруулахаар Байгаль орчны яамыг зорилоо.

Улаанбаатар хотын хөдөлмөрчдийг түлшний модоор хангах тендерийг намар есөн сард зарласан юм байна. Энэ тендерт мэргэжлийн байгууллагаас эхлээд, эх орноо батлан хамгаалах үүрэг хүлээсэн цэргийн анги хүртэл орсноороо их онцлог болжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газрын шийдвэр гарч Зэвсэгт хүчний ар тал, материал хангалтын төв бааз 310-р анги тендерт ялж, цэвэрлэгээний огтлолт хийхээр болсон гэсэн мэдээллээс өөр зүйл хэлсэнгүй.

Энэ нь ойн тухай хуулинд зааснаар, ойн мэргэжлийн байгууллагын хийх ёстой ажлыг цэргийн ангиар хийлгүүлсэн байгаа юм. Ингэснээр ойн мэргэжлийн байгууллагууд ажилгүй суух болжээ. Нөгөө талаар хүүхэд залуусыг эх оронч хүмүүжилд төлөвшүүлэх үүрэгтэй газар ийм хууль бус, үндсэн үүргээсээ гажсан үйлдэл хийж байгаа нь цэргийн байгууллагад итгэх итгэлийг сулруулж болох юм.

Хамгийн их сонирхол татаж буй зүйл нь тендерийн гэрээнд тусгагдсан асуудал. Улаанбаатар хотын хөдөлмөрчдийг түлшний модоор хангахдаа зах зээлийн үнээс хямдаар иргэдэд худалдаална. Мөн түлшний модны хоёр зах байгуулж бараг л үнэгүй тараана гэж гэрээнд тусгасан аж. Гэтэл тэрхүү гэрээ нь хэрэгжээгүй, хэрэгжих нь битгий хэл, нөгөө мод нь банз болж, урин дулаан хавар цагтай золгож байгаа юм биш байгаа.

Мөн баттай эх сурвалж, цэргийн ангийн удирдлага, дээд удирдлагатайгаа үгсэн хуйвалдаж уг модыг “Цолмон бадрах” зах дээр банз болгож байна гэсэн мэдээлэл өгсөн юм. Модыг түлшний мод болгон худалдаалснаас банз болгох нь хэд дахин өндөр ашиг олдог гэнэ.

Бяцхан тооцоо хийж үзье. Зах зээлийн ханшаар нэг куб метр мод 50 мянган төгрөг. Тэгэхлээр багаар бодож 3600 метр куб мод 180 сая төгрөг болж байна. Банз болговол хоёр дахин илүү ашиг олно гэж тооцвол багаар бодоход 300 сая орчим болно. Хувийн байгууллага, ажилчдын хөлс, цай хоолны мөнгө гээд нэлээд их зарлага гаргана. Тэгвэл уг цэргийн ангийн удирдлага цэргүүдийг ямар ч үнэ хөлсгүй зарж, хоол хүнсний мөнгийг төрөөс гаргуулсан нь ойлгомжтой. Ингэснээр ард иргэдийн нэрийг барьж бизнес хийн ямар их ашиг олж байгаа нь харагдаж байна.

За яах вэ цэргийн анги мод бэлтгэсэн л биз. Харин нийслэлийн хөдөлмөрчдийг түлшний модоор хямд үнээр хангана гэсэн гэрээний заалтаа биелүүлээч гэж хэлэх гэсэн юм. Жил бүрийн өвөл түлшний модны ханш хөөрөгдөж, тэнгэрт тулсан үнэтэй болдог. Ядаж энэ мод худалдаанд гарсан бол ард иргэдийн түлшний модонд өгөх мөнгө бага ч гэсэн хэмнэгдэх байсан болов уу.

Үүнийг тендер удирдан явуулсан байгууллага болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хариуцдаг байгууллагууд шалгаж зохих хууль, журманд нь оруулах шаардлагатай байна.

Д.Доржпагма

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж