Үрийн нөөц хангалттай боловч чанар тааруу байна

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Үрийн нөөц хангалттай боловч чанар тааруу байна

Улсын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон улсын үрийн нөөц, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн орон нутаг дахь салбаруудад 2011 оны хаврын тариалалтанд зориулж нөөцөлсөн үрийн буудайн чанар, хадгалалтын нөхцөл байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгаж байна.
Улсын хэмжээгээр 2011 онд тариалах үр тарианы үр 46,7 мянган тонн нөөцөлснөөс 42,3 хувийг шинжилгээнд хамруулжээ. Үүний 64,0 хувь нь стандартад тэнцсэн, үлдсэн нь эхний шинжилгээгээр цэвэршилт болон нэг кг дахь хог ургамлын үзүүлэлтээрээ стандартын чанарын шаардлага хангаагүй гэсэн урьдчилсан дүн гарчээ. Хүнсний ногооны 6,5 тн үр 100 хувь стандартын шаардлага хангаж байгаа бол төмсний 146,3 тн үр шинжилгээнд хамрагдсанаас 81,9 хувь нь стандартад тэнцсэн байна.
Энэ жил нийт 276,4 мянган га талбайд уринш хийсэн бөгөөд нэг га-д орох үрийн нормыг 160-180 кг-аар тооцооход нийт 44,2-46,8 мян.тн үр шаардлагатай байна. Энэ оны тариалалтад зориулж аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 36,8 мян.тн, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа улсын үрийн нөөц 4.7 мян.тн, ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 4 салбарт хадгалагдаж буй үр 5.2 мян.тонн, нийт 46,7 мянган тонн үр нөөцөлсөн мэдээтэй байгаагаас үзэхэд хаврын тариалалтанд ашиглах үрийн нөөц хангалттай байгаа ажээ.
Сэлэнгэ, Архангай, Булган, Дорнод зэрэг аймгийн 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд тариалах үрээ сайн цэвэрлэн сортлож стандартын шаардлага хангасан үр нөөцөлсөн байна. Түүнчлэн Дархан-Уул, Увс, Орхон аймгууд нөөцөлсөн үрээ 92,0-100,0 хувь нэгдүгээр шинжилгээнд хамруулсан бол Төв, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд дутуу хамруулж, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Говь-Алтай аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд энэ жил тариалах үрээ нөөцлөөгүй, шинжилгээ баталгаажуулалтад ч хамруулаагүй байна.
Тариалахаар нөөцөлсөн үр нь стандартын шаардлага хангахгүй байгаа гол шалтгаан нь газар тариалан эрхлэн явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, иргэд хадгалсан үрийн цэвэрлэгээ муу, үр цэвэрлэх, сортлох машин техник хүрэлцээгүйгээс, уриншийн боловсруулалтыг технологийн дагуу хийгээгүйгээс гадна ургамал ургалтын явцад хог ургамалтай тэмцэх арга хэмжээг авдаггүй, үрээ ариутгахгүй тариалалтыг явуулснаас болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж