Оюутнууд аэробикээр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Оюутнууд аэробикээр өрсөлдөнө

Монголын оюутны спортын 2011 оны аравдугаар “Универсиад” их наадмын тэмцээнүүд жүдо, ширээний теннис, шатар, аэробик, волейбол, заалны хөл бөмбөг, чөлөөт бөх, гандбол, сагсан бөмбөг, модон бөмбөг, нийтийн гүйлт гэсэн спортын 11 төрлөөр Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 18–наас тавдугаар сарын 14-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байгаа юм.

Тэгвэл “Универсиад” наадмын аэробикийн тэмцээн маргааш буюу 26-нд ШУТИС-ийн спорт зааланд эхлэх гэж байна. Тэмцээнд  МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ҮБТДС, Аварга БТДС, Мон-Алтиус БТДС зэрэг сургуулиуд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Аэробик гимнастикийн тэмцээн холимог хос, гурвал, степ болон бүжгийн гэсэн төрлүүдээр явагдаж, МГХ-оос гаргасан 2009-2012 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу явагдана. Тэмцээний дүрмээр дасгалын үргэжлэх хугацаа 1.45 м +/-5 сек байх ба дасгалын зохиомжийг 10х10 м талбайд хийж гүйцэтгэнэ. Тус тэмцээнд амжилттай орролцсон баг, тамирчдаас оюутны шигшээ багийг бүрдүүлэн Дэлхийн оюутны спортын зуны XXVI “Универсиад” их наадамд оролцуулах эрх олгоно.

Оюутны дараагийн тэмцээн болох чөлөөт бөхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 2-3-нд Спортын төв ордны “А” зааланд,  7-10-нд шатрын тэмцээнд Засагт хан ДС, волейбол 14-17-ны хооронд МУИС-ийн спорт зааланд тус тус зохион байгуулагдах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж