Барилгын материалын үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Барилгын материалын үнэ тогтвортой байна

Олны хэлж заншсанаар 100-н айлын барилгын материалын захын хөл хөдөлгөөн ихэсчээ. Томоохон барилгын компаниудыг эс тооцвол ихэнх байгууллага, аж ахуйн нэгж иргэд бүгдээрээ л эндээс барилгын материалаа татдаг. Өвөл ойр зуурын засал чимэглэлийн эд зүйлс худалддагийг эс тооцвол барилгын материалын худалдаа ерөнхийдөө зогсонги байсаар хавартай залгасан байх. Харин одоо бол хаваржин, зунжин энд барилгын наймаа эрхлэгчид завгүй ажиллана. Магадгүй, танд ч бас барилгын материал цуглуулах шаардлага байж болох юм. Тиймээс бид өнөөдрийнхөө өдрийн сурвалжлагыг 100-н айл дахь барилгын эд зүйлсийн худалдаанаас бэлтгэлээ.
Цемент. Эхлээд барилгын гол суурь болсон цементийн үнэ ханш ямар байгааг сонирхъё. Монголчууд цементийг өөрсдөө үйлдвэрлэж байна, хятадаас ч зөөж байна. Үнийн хувьд мэдээж ялгаатай. Өчигдрийн байдлаар хятадаас оруулж ирсэн цемент 8000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь 50 кг-ын шуудайтай цемент бөгөөд худалдагчийн хэлснээр бол 8000-аар зарагдаж байгаа энэ цемент өнгөрсөн жил татсан барааных нь үлдэгдэл тул харин ч “хямд” зарж байгаа гэнэ. Наймаачид үнэ сонирхсон хүмүүст “Ирэх сараас шинэ ачаа татахаар цементний үнэ улам өснө шүү” гэсэн “захиас” байнга хэлээстэй. Тэр үнэн бол хагас сарын дараагаас барилгын материалын үнэ бага ч бай, их ч бай хөдөлгөөнд орох нь ээ.
Хар цаас. Урдаас татдаг гол хэдэн барааны нэг нь л дээ. Одоогоор бол хятад хар цаас 4500 төгрөг /нэг боодол/, орос хар цаас 15-16 мянган төгрөгийн үнэтэй байна. Орос хар цаас нэг боодол нь 12 метр урттай байдаг аж. Ингээд цаашилбал, шилэн хөвөн 18 метр урттай нь 13500, будаг дунджаар 1800-7000 гэхчлэн орос, хятад, Өмнөд солонгосын гэдгээрээ үнэ нь өөр өөр. Нэг кг хятад будаг 1800 төгрөг, орос будаг бол 4500, солонгос будаг 7000 төгрөг…Будагны хувьд үнэ нь тэгтлээ дээшилж, доошилсон зүйл алга.
Барилгын дотоод засал чимэглэлийн ажилд плита хамгийн чухал. Плитаны төрөлжсөн дэлгүүрийн худалдагчдын хэлснээр барилгын сезон эхэлж байгаа ч үнэ нэг их өөрчлөгдөхгүй болов уу гэсэн таатай үг хэлэв. Үнэ бас л өөр өөр. Ихэвчлэн хятадаас оруулж ирдэг плита энд зарагддаг юм байна. Жишээ нь, 30х45 см-ын харьцаатай ханын плита 850-900 төгрөг бол 30х30 см-ын хэмжээтэй шалны плита 650-750 төгрөг, харин 60х60 см хэмжээтэй нь  2000-5500 төгрөг байх аж. Плита авсан бол мэдээж танд плитаны цавуу хэрэг болж таараа. Тэгвэл 25 кг-ын савлагаатай цавууг дунджаар 12 мянган төгрөгөөр 100-н айлын дэлгүүрүүд худалдаалж байна.
 
Бусад бүтээгдэхүүний үнийг сонирхъё.

Төмөр дээвэр: 1 метр /кв/ нь 5000 – 7000 төг
Хадаас: 1 кг нь 2000 төг
Брус: нэг боодол /2м/- 8000 төг
Брус: нэг боодол /3м/-15 000 төг
Шилэн хөвөн: нэг боодол нь /18м/-13500 төг
Тоосго: нэг ширхэг нь 120 төг
Блок: нэг ширхэг нь 600-900 төг
Палк: нэг ширхэг нь 22,000 төг
Обой /орос/: нэг боодол нь 2800-5800 төг
Обой /хятад/: нэг боодол нь 2800-9500 төг
Бүргэд хаалга-110-280 мянган төгрөг.
Барилгын бараа, бүтээгдэхүүний үнэ хамгийн дундаж ханштай гэгддэг 100-н айл орчмын дэлгүүр, худалдааны төвүүдэд ийм үнэтэй байна. Гэхдээ та барилгын материал худалдаж авах гэж байгаа бол яаравчлахад буруудах юу байхав. Наймаачид шинээр бараа материалаа татахад урд хөрш дэх үнэд өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй хэмээж байгаа тул дөрөвдүгээр сараас барилгын худалдааны үнэд өөрчлөлт орж магадгүйг өөрсдөө сануулж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж