Жэки Чан нас барсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Жэки Чан нас барсан уу?

Холливудын нэрт жүжигчин Жэки Чан таалал төгссөн талаар Лос-Анжелесийн эмнэлэг мэдэгдлээ хэмээн http://pastehtml.com/view/1dud0mh.html сайтад мэдээлжээ. Тус сайтын мэдээллээр 100 гаруй кинонд дүр бүтээсэн домогт жүжигчин өнгөрсөн шөнө зүрхний шигдээсээр нас барсан гэнэ. Саяхныг хүртэл “Kung Fu Panda 2” кинонд ажиллаж байсан түүний үхлийн шалтгааныг эмч нар хэт шаргуу ажлын хуваарь, стресс нь түүний зүрхэнд ачаалал өгсөн хэмээн тодорхойлжээ. Тэрбээр уг нь өнөөдөр Хонгконгт очиж, дараагийн кино болох “1911” киноны зураг авалтад оролцож ёстой байжээ. 56 насандаа таалал төгссөн нэрт жүжигчний гэр бүлийн зүгээс ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Хайртай жүжигчин нь нас барсан тухай харамсалтай мэдээг дуулсан түүний мянга мянган шүтэн бишрэгчид нь Facebook-т харууслын үгсээ бичсээр байна. Мөн жүжигчин Will Smith “Гайхалтай жүжигчин. Тэр үргэлж бид бүхний зүрх сэтгэлд хоногшин үлдэх болно” гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн түүний үхлийн талаар эмгэнэн гашуудсан тухай тус сайтад мэдээлжээ. Түүгээр ч зогсохгүй MTV хөгжмийн суваг баасан гаригт Жэки Чаны тухай дурсамж нэвтрүүлэг гаргана гэжээ.

Өмнө нь хэд хэдэн удаа Хонгконгийн домогт жүжигчин, найруулагчийг нас барсан талаарх цуурхал гарч байсан бөгөөд энэ удаагийнх ч ээлжит нэгэн дуулиан бололтой. Одоогийн байдлаар ямар нэг баттай эх сурвалж Жэки Чаны үхлийн талаар мэдээлээгүй байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж