Үндсэн хуулийн юуг нь өөрчлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн юуг нь өөрчлөх вэ?

Д.Ганхуяг: Өөрчлөхөөс илүү, одоо байгаагаа боловсронгуй болгох нь чухал

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын өмнө ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Энэ бол их чухал. Үндсэн хуулийг өөрчлөе гэвэл олон зүйл ярих болно.

Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Сонгуулийн тухай хуультай холбогдох Үндсэн хуулийн заалтууд байна.  Бүх шатны сонгууль нь намаар дамжиж байна. Гэтэл гадаадын хөгжилтэй орнууд хотын дар­гаа шууд сонгохоос эхлээд л дэвшил байна. Бид аливаа өөрчлөлт гэхээс илүү өнөөдөр байгаагаа боловсронгуй бол­го­ход анхаарал хандуулах нь зүйтэй.  Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэх нь бас тийм ч сайн зүйл биш. 50/30 хувийн харьцаа ч гэх юм уу, тодорхой харьцаатай байхад болно. Ерөнхий чиг үүргийн хууль зүй, гадаад бодлого, сан­­­­гийн гэх яамдад жишээ нь зөвшөөрдөг байж болно шүү дээ.


С.Оюун: Өөрчлөлтийг улс төрийн намуудын шийдвэрээр хийчихэж болохгүй

-Үндсэн хуулийн шинэч­ лэл гэдэг нь том зүйл. Ийм чухал асуудлыг улс төрийн намуудын шийдвэрээр хийч­хэж болохгүй. Хагас дутуу үл­дээсэн реформ маш их байна. Хяналтгүй парламент болох гээд байгаагаас хоёр танхимтай парламент бий болгох нь зүйтэй гэх үндэслэлийг гаргаж байх шиг байна. Гэхдээ 2008 оны сонгуулийн дараа олонх нь Засгийн газраа байгуулаад цөөнх болсон нь сөрөг хүчний үүргээ олигтойхон шиг гүйцэтгээд явах боломж байсан шүү дээ. Иймд энэ үндэслэлээр хоёр дахь парламентын тухай ярих нь утгагүй зүйл. Иймд ард түмний санал бодлыг сонсох, санал асуулга явуулах, тэдгээрт дүн шинжилгээ хийж асуудалд хандсан нь дээр гэх байр суурийг УИХ дээр байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг дээр хүртэл гаргасан.

Д.Очирбат: Сонгуулийн хууль ер нь явахаа болилоо ш д ээ

-Үндсэн хуулийн өөрч­лөлт­тэй холбоотой санал байна уу?

-Одоо ч хэлэх зүйл алга байна.

-Тэгвэл Сонгуулийн тогтолцооны талаар?

-Сонгуулийн тогтолцооны тухайд зарим хүмүүс мажоритар л гэж байна. Зарим нь холимог гэж байна. Гэхдээ мөнгөний оролцоо ихэссэн энэ үед аль болох бэлэн мөнгө тараахгүй байлгах, санал худалдаж авах боломжийг хаасан хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа гэдгийг гишүүд ойлгоод байгаа. 

Манай намын дарга, МУ-ын ерөнхий сайд саяхан дээд, доод танхимтай парламентын тогтолцоог санал болгосон. Үүнийг би байж болохуйц хувилбар гэж харж байна. Хоёр парламенттай болсноор хяналтаас эхлээд олон зүйлд ахиц гарна.

Яах вэ дээ, Сонгуулийн хууль чинь ер нь явах аа болилоо шүү дээ. Эхлээд намын бүлэг дээр холимог тогтолцоотой больё гээд л, Д.Лүндээжанцан болоод Лу.Болд нарын гаргаж ирсэн төслүүд гээд л яригдсан. Эцэстээ энэ нь шийдэлд хүрэх ээ болилоо.

-Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал руу орох нь дээ?

-Тийм болж таарлаа л даа.
 
Э.Бат-Үүл: Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий

-Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар ганц, хоёрхон өгүүлбэрт багтаагаад ярьчих сэдэв биш. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд их хянуур болгоомжтой хандах ёстой. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий. Нэмэлт өөрчлөлт хийх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хууль тогтоогчид энэ эрхийнхээ хүрээнд долоо хэмжиж нэг огтол л гэсэн үг.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт ярихдаа хоёр парламенттай болох тухай сэдэв хөндөх болсон. Энэ тухай юу хэлэх вэ?

-Энэ тусдаа том сэдэв. Хоёр танхимтай парламент Монголд өмнө нь байсан зүйл. Би хоёр танхимтай парламентын тухай биш хоёр шатлалын тухай л ярьж байгаа.


Ц.Батбаяр: Орон нутгийн эрх мэдлийн хуваарилалтыг эргээд нэг хараасай

-Үндсэн хуулийг өөрч­лөлт­­­­­­тэй холбоотойгоор орон нутгийн эрх мэдлийн хуваа­рилалтыг эргээд нэг хараасай. Хамгийн том нь болох 21 мянган хүнтэй аймгийн эрх хэмжээ 1 сая 260 мянган хүнтэй Улаанбаатарын эрх хэмжээтэй яг адил. Мөн 300 мянган хүнтэй Баянзүрх дүүрэг 3-4 мянган хүнтэй сумтай ижил эрх хэмжээтэй. Энэ бүх зөрөөтэй байдлыг тооцохгүй бол болохгүй. Орон нутагт эрх мэдэл өгч, бие даах боломжийг нь өгөх хэрэгтэй.        

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж