Найдвар Н.Назарбаевын талд эргэжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Найдвар Н.Назарбаевын талд эргэжээ

Казахстаны Ерөн­хий­лөг­чийн ээлжит сонгууль энэ са­рын 3-нд болно. Ажиглагчид уг сонгуулиар “Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг дахин ялалт байгуулах ма­гад­­лалтай байна” хэмээн таа­маглаж байна. Учир нь, тэрбээр иргэддээ хандаж “Би та бүхнийхээ итгэлийг дааж, улс эх орныхоо төлөө чадах бүхнээ зориулна. Манай   сонгуулийн багийн хийсэн судалгааны дүнгээс харахад миний ялах магадлал өдрөөс өдөрт эрс нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд сөрөг хүчний гишүүд ч дотроо “Бид ялалт байгуулж чадахгүй нь бололтой” хэмээн бодит байдлыг хүлээн зөвшөөрч эхэлсэн нь ялалт бидний талд байгаагийн баталгаа юм”  гэж сөрөг хүчний зарим гишүүд дотроо ярилцаж байгаа “Бид ялалт байгуулж чадахгүй нь” гэсэн мэдэгдлийг хийсэн байна.

Үнэхээр ч Казахстаны эрх баригчид төдийгүй бусад намын нөлөө бүхий улстөрчид нь “Н.Назарбаевыг дахин Ерөнхийлөгчөөр сон­гох нь улс орны хөгжилд хэрэгтэй. Түүний үйл хэргийг тууштайгаар үргэлжлүүлэх нь Казахстаны төлөө хийж буй сайн үйл хэрэг юм” хэмээн мэдэгдэх болсон байна.

Зөвхөн сөрөг хүчнийхэнд гэхэд Н.Назарбаевт ганцхан алдаа бий гэдгийг илэрхийлж байна. Ингэхдээ тэд “Ерөн­хийлөгч ОХУ-тай хэт дотно харилцаатай байгаа нь түүний сул тал. Бид үүнд л санаа зовж байна. Энэ дотно харилцаа нь эргээд байгалийн баялаг, газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй манай улсад ОХУ-ын сонирхлыг шууд утгаар нь баталгаажуулах гэмтэй юм. Тэр дундаа ураны нөөцийг оросууд  хэзээ ч хаалганы цаана үл­дээхгүй нь ойлгомжтой. Энэ бол Н.Назарбаевт сануулах хамгийн том хийгээд цорын ганц анхааруулга” гэв.

Казахстаны байгалийн нөөцийг өөрсдийн хүсэл сонирхлоо биелүүлэх гол баялаг болгон ашиглахыг хүссэн улс орнуудын хувьд Н.Назарбаевын дараах Ерөн­хийлөгч нь хэн байх вэ гэдэг нь хамгийн том асуудал байгаа нь үнэн. Тэр дундаа ОХУ-ын төрийн өндөрлөгүүдийн хувьд Н.На­зарбаев өөрийн эрх мэдлийг дахин баталгаажуулж чад­вал асуудал тус улсын талд нааштайгаар эргэнэ гэдэгт итгэж буй нь ч нууц биш. Энэ талаар тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд “Дө­рөвдүгээр сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сон­гуульд Ерөнхийлөгч Н.Назар­баев да­хин сонгогдлоо гэ­хэд дөр­вөн жилийн дараах Ка­захс­­таны Ерөнхийлөгч хэн байх вэ гэдгийг дэлхийн хүчир­хэг гүрнүүд аль хэдийнэ сонир­хоод эхэлсэн нь лавтай” гэж бичсэн байна. Тэдний уг дүгнэлт Казахстан хэзээ ч их гүрнүүдийн сонирхлын гадна үлдэхгүйг батлахын зэрэгцээ Н.Назарбаевын дараагийн хүнийг зөвхөн энэ удаагийн сонгуулиар төдийгүй дөрвөн жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулийг хүртэл судалж, ашиг сонирхлынхоо төвд байлгана гэдгийг илэрхийлэх аж.

Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшиж буй Булаг Абилов болон С.Отен нар ч нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч “Бид хоёр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэж найдахгүй байна. Харин дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар бол бид хоёрын хэн нэгэн нь л Казахстаны Ерөнхийлөгч болох нь тодорхой” гэв.

Харин Н.Назарбаевын эсрэг ажиллаж буй өөр нэг сөрөг хүчнийхэн Казахстаны нэгэн веб сайтад “Одоогийн Ерөнхийлөгчийн ажлыг цааш нь үргэлжүүлэн ажлыг нь хийлгэвэл яасан юм бэ. Энэ сонгуулийг шууд зогсоох нь бидэнд хэрэгтэй юм биш үү” гэх мэдэгдэл хийсэн нь олныг гайхшруулаад авсан. Гэхдээ тэд үүнийгээ эсрэгээр нь ойлгох хэрэгтэй гэдэг тайлбарыг үргэлжлүүлэн бичсэн байлаа. Үүний зэрэгцээ ажиглагчид ч Н.Назарбаеваар дамжин хэрэгжиж буй Оросын талын нөлөөг то­дор­хойлохоо мартсангүй. Тод­руулбал тэд “Н.Назарбаев өдгөө 71 настай хүн. Тэр сайн улстөрч. Насны хувьд ахмад үед орох нь тодорхой. Иймд залуу үед халаагаа өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ бидний харж байгаагаар тэр ажлаа хийж дуусаагүй байна. Ажлаа хийж дуусгаагүй учраас л ийм өндөр настай атлаа дахин ирэх дөрвөн жилийг өөрийнхөөрөө удирдахыг чармайж байгаа нь лавтай. Магадгүй ОХУ-ын нөлөө бүхий улстөрчид түүнийг “Хийхээр амласан ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй шүү. Тэр болтол бүрэн эрхийн хугацаагаа өөрийнхөөрөө тодорхойл” хэмээн зааварлачхсан ч байж болох юм шүү” хэмээн дүгнэв.

Гэхдээ Н.Назарбаевын та­лынхан энэ мэт эсрэг, далд утгатай хошин егөөдлийг огтхон ч тоохгүй байна. Тэд “Бид ням гарагт болох Ерөнхийлөгчийн сонгуульд бэлэн” гээд санал хураалтын хариу ирэх ням гарагт болж, орон нутгийн цагаар  үдшийн 22 цагт дуусна гэдгийг мэдэгдэв.

Ийнхүү Ка­захстаны улс­­төр­­чид өөр хоорондоо Н.На­­зарбаевийн улс төрийн карьерын талаар санал бод­лоо илэрхийлж байх зуур олон улсын ажиглагчид ч дуу­гүй суусангүй. Тэд юун түрүүнд дуу нэгтэйгээр “Н.На­­зарбаевыг энэ удаан ху­гацааны турш өвгөн болтлоо улс төрд байсаар байгаагаас нь харахад тун “айхтар” өвөө бо­лолтой” хэмээсэн байна. Хоовер их сургуулийн олон улсын улс төр шинжээч Кэннэйт Жовит “Н.Назарбаев буурь, туршлага суусан хашин өвгөнийхөө хувьд сонгуулийн гол хөзрөө хав дарж чадаж байна. Тэр сонгуулийн өмнөх өдөр тэсрэлт хийж магадгүй” гэжээ. Хүчтэй сөрөг хүчнийхэн ч Н.Назарбаевын цаанаас ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Мед­ведевийн толгой нууцгайхан цухуйж буй зурагт хуудсыг эрчимтэйгээр олон нийтэд тарааж эхэлсэн байна.

Гэсэн ч энэ бүхэн Н.На­зарбаевыг Ерөн­хий­лөг­чийн суудлаас буулгах гол түлхүүр болж чадахгүй гэдэг нь аль хэдийнэ тодорхой болсон бололтой. Учир нь, тус улсын улстөрчид ч иргэд нь ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сон­гуулиас Н.Назарбаеваас өөр хүнийг Ерөнхийлөгчөөр харж чадахгүй байгаа юм. Ганц нэг сөрөг хүчин нь л “Ирэх 2015 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар л боломж бидний өмнө нээгдэнэ” гэсэн итгэл найдвараар ирээдүйг харж буйг эс тооцвол Н.Назарбаев тус улсын иргэдийн зүрх сэтгэлийг нэг хэсэгтээ л эзэгнэсээр байх ажээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд мөнхийн Ерөнхийлөгч байх хүсэл сонирхлыг нь бас ч гэж хааж чадсанаас нь харахад тэд өөрчлөлтийг хийхийг хүсч байгаа шигээ хэзээ, яаж хийх вэ гэдгээ л шийдэж чадахгүй байгаа байж болох юм.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж