Арбитрын шүүхийн шийдвэр энэ сард гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Арбитрын шүүхийн шийдвэр энэ сард гарна

Монгол Улсын Засгийн газраас тэрбум ам.доллар нэхэмжилж, Олон улсын Арбитрын шүүхэд өгөөд буй  “Алтан дорнод Монгол” компанид холбогдох маргааны шүүхийн шийдвэр гарсан эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэлээс тодрууллаа.

“Алтан дорнод Монгол” компанийн нэхэмжлэлтэй Арбитрын шүүхийн шийдвэр гарсан уу?
-Шийдвэр дөрөвдүгээр сард гарна. Шүүх хурал 2009 оны тавдугаар сард ХБНГУ-ын Франкфурт хотод болж өндөрлөсөн ч өнөөдрийг хүртэл Арбитрын шүүхийн шийдвэр гараагүй. Зарим сонин хэвлэлээр шүүхийн шийдвэр гарсан гэж ташаа мэдээлсэн байна лээ.

-Одоогоор Монгол Улс “Алтан дорнод Монгол” компанийн заргад хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

-Өмгөөлөл болон бусад зардалд зургаан тэрбум төгрөг зарцуулсан.

-Ер нь шүүхийн шийдвэр эцэслэн гарах хугацааг хуулиар тогтоосон байдаг уу?
– “Алтан дорнод Монгол” компани  манай талтай хийж буй маргаан олон асуудлыг хамарсан учраас нэлээд сунжирч байна. Гэхдээ урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сард гарах болов уу. Ер нь Арбитрийн шүүхийн шийдвэр гарах тухай тогтсон хугацаа байхгүй.

-“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушок татвараас зайлсхийсэн хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж байгаа. Хэрэг нь юу болж байна вэ?
-Татвараас зайлсхийсэн, Зоос, Анод банкаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт С.В.Паушок сэжигтнээр татагдан шалгуулж, түүнийг яллах нотлох баримт хангалттай бүрдсэн.  Гэвч тэрбээр Монгол Улсын хилээр оргон зайлсан. Тиймээс Ерөнхий прокурор П.Дорлигжав ОХУ-ын Ерөнхий прокурорт хандан  С.В.Паушокт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг өөрийнх нь улсын нутаг дэвсгэрт үргэлжүүлэн явуулах  тухай хүсэлт тавьсан юм билээ. Саяхан манай талаас явуулсан хүсэлтэд нааштай хариу ирүүлсэн.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж