“Н.Энхбаяр миний талаар юу гэж бодох нь сонин биш”

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

“Н.Энхбаяр миний талаар юу гэж бодох нь сонин биш”

Ардын хянан шалгах түр хорооныхон өнгөрсөн даваа гаригт Д.Сүхбаатарын талбайд улстөрийн жагсаал зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зургаан зүйл бүхий шаардлага хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн дээрх шаардлагад Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах, УИХ-ын гишүүн С.Баярыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, Улсын дээд шүүхийг тараах, Ардын хянан шалгах хороо байгуулах зэрэг асуудлыг тавиад байгаа юм. Дээрх шаардлагад Ерөнхийлөгч хариу өгөхгүй, эс бөгөөс шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгвөл жагсагчид Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө тэмцэх болно гэж буй юм. Энэ талаар Ардын хянан шалгах түр хорооны  тэргүүн Д.Нинжээс асууж тодрууллаа.

-Та бүхний Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьсан шаардлагад маш том том асуудлууд байсан. Та бүхний шаардсаны дагуу уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Тавантолгой, Оюутолгой ХХК-ийн гэрээг хүчингүй болгох болов уу?

-Шаардлагын хувьд бол үнэхээр том том асуудлууд байгаа. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 25 сая тонн хүдэр олборлоод 0.4 хувийг нь баяжмал  болгон боловсруулж үлдсэн хувийг нь ачаад ОХУ-д гаргадаг. Гэтэл энэ ямар оймс, малгайны үйлдвэр байгаа биш 49/51 хувь гэдэг гэрээ байх боломжгүй гэж үзэж байгаа.

-Хамаг Монголын үндэсний эрх ашгийг хамгаалах түр штаб байгуулсан гэж байна. Энэ ямар үйл ажиллагаа явуулах бол. Иргэдээс хандив авч байгаа гэж байна цугларсан мөнгө юунд зарцуулагдах бол?

-Бид монголчуудын эрх ашгийг хамгаалах үүднээс улс орон даяар ажил зохион байгуулна, түүнд зарцуулагдана. Өчигдрөөс эхлээд орон нутагт ажиллах хүмүүсээ сонгоод эхэлсэн.

-МАН, МАХН-ын талаар юу гэж бодож байна. МАХН гэсэн нэрнээс болж маргаан дэгдсэн хэвээр байна?

-Улсын дээд шүүхээс хариу өгөх эцсийн хугацаа дууссан. Татгалзсан хариу өгөөгүй болохоор авч болно гэж ойлгож байна. МАХН өөрөө улс төрийн намын тухай хуулийн дагуу татан буугдсан. Тэгэхээр Улсын дээд шүүх намын нэрийг бүртгэхээс өөр арга байхгүй. Хэрэв МАХН гэдэг нэрийг өгөхгүй гэж хэлэх байсан бол тэр хугацаа нь өнгөрсөн. Түүнээс биш нэг цаас гаргаж ирээд “май энэ нэрийг авч болохгүй” гээд хариу шидчихсэн бол өөр байсан.

-Та МАХН-д элсч орох уу?

-Манай хорооны дүрмийн дагуу болохгүй. Өөрөө хяналт тавих гэж байж нэг намд таалагдаж явж болохгүй. Ийм хориг манай холбоонд байгаагаараа бид улс төрийн хяналт тавих хариуцлагатай үүргийг нэр төртэй зүүж буй юм. 

-Тэгэхээр Ард түмний хянан шалгах хорооны дүрмийн дагуу, мөн таны хэлж байгаагаар та МАХН-д элсч орох боломжгүй юм байна, тийм үү?

-Энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаа цагт би аливаа намд, МАХН-д орж болохгүй. Бид бүх намыг татан буулга гэдэг шаардлага тавиад байгаа. Яах вэ,  холбоондоо байсан цагт би намд элсэхгүй гэж бодож байна.

-Н.Энхбаяр гэдэг хүний талаар та юу хэлэх бол. Аливаа уулзалт, хэлэлцүүлэг хийхээр та байнга очсон байдаг?

-Манайхан буруу зөв гишгэсэн, эсвэл буруу явж байгаад зөв зам руугаа орсон хүнийг дандаа янз янзаар цоллодог. Н.Энхбаяр миний талаар юу гэж бодож байна, эсвэл хоёр намын дарга яаж байна гэдгийг сонирхдог. Энэ надад сонин биш. Ард түмний төлөө ажиллаж чадах уу гэдэг нь чухал юм.

Б.Алтансүх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж