Утаанаас салгах 6 хувийн хүүтэй зээл

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Утаанаас салгах 6 хувийн хүүтэй зээл

Орон сууцны зээлийн хүү жилд зургаан
хувь болно гэсэн мэдээ бүгдийг горьдуулав. Гэхдээ орон сууцны зээлийн
хүү зургаан хувь болох нь тодорхой ч, чухам хэзээнээс өгч эхлэх нь
тодорхойгүй. (Яг одоогийн байдлаар бол Монголбанк, Сангийн яам гэх зэрэг
холбогдох байгууллага, албаны хүмүүс Ерөнхий сайдын үүргийн дагуу
боломжийг судлаж байна.) Ямартаа ч энэ зээлд хамрагдахын тулд та заавал
төрийн албан хаагч байх албагүй хувийн хэвшилд ч ажиллаж байж болно.
Хамгийн гол нь сарын орлого чинь тодорхой, өөрийн гэсэн орон сууцгүй бол
энэ зээлийг авахад дөхөм болно.
Харин
орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэн одоо байгаа
шинэ орон сууцнуудаас сонгож болох уу. Эсвэл заавал “Шинэ бүтээн
байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд баригдах 100 мянган айлын орон сууцнаас
авах ёстой юу гэдэг асуудал бүрхэг байна. Ямартаа ч Засгийн газар гэр
хороололд амьдардаг болон орон сууцгүй иргэдийг нэн түрүүнд орон сууцтай
болгохыг хүсэж байгаа тул орон сууцтай хүн энэ зээлд хамрагдахгүйг
сануулсан билээ.
Засгийн
газар Буянт-Ухаад 12500, Яармагт 32000, Баянголын аманд 18000, 7 дугаар
хороололд 10956, Телевизэд 4200, 14 дүгээр хороололд 12000 айлын орон
сууцыг барихаар төлөвлөсөн. Хэрэв эдгээр шинээр баригдах орон сууцанд
орох иргэд л зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдана гэвэл зургаан хувийн
хүүтэй зээлээр орон байртай болох иргэд санаснаасаа удаан хүлээж мэднэ.
Гэхдээ, Орон сууцны санхүүжилтын корпорациас энэ талаар лавлахад
“Асуудал хэдийгээр бүрэн шийдэгдээгүй байгаа ч зургаан хувийн хүүтэй
зээлд хамрагдах иргэд заавал шинээр баригдах 100 мянган айлын орон
сууцнаас сонгох ёстой гэсэн шийдвэр байхгүй” гэсэн юм.
Хэрэв
100 мянган айлын орон сууцнаас авах ёстой гэвэл наад зах нь (барилга,
дэд бүтцээ барьж дуусахыг эс тооцоод) “Шинэ бүтээн байгуулалт”
хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5 шинэ хуулийг шинээр боловсруулж, 10 гаруй
хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх шаардлагатай байгаа.
Үүнийг иргэдээ орон сууцжуулах Засгийн газрын зорилгыг шаргуу
биелүүлэхээр байгуулагдсан Үндэсний хорооны анхны хуралдааны үеэр
мэргэжлийн холбогдох албан тушаалтнууд тайлбарлаж байсан. Тиймээс ч бүх
хуулийг нэг өдөр шийдэж чадахгүй учраас эхний ээлжинд хамгийн
шаардлагатай байгаа хууль, хуулийн төслийн дэс дарааг гаргаж мөрдөхийг
тус хорооны дарга шадар сайд М.Энхболд үүрэг болгосон.
Мөн
Ерөнхий сайд С.Батболд шинээр баригдах гэж байгаа 100 мянган айлын орон
сууцтай холбогдуулж “Дундаж амьдралтай, сарынх нь орлого тодорхой ч,
өөрийн гэсэн орон сууцгүй өрхөд зургаан хувийн хүүтэй орон сууцны
зээлийг олгох ёстой. Түүнээс бус орон сууцанд амьдардаг хэрнээ түүнийгээ
шинэ болгоод авчихъя гэсэн ч юм уу, амьдралын түвшин дээгүүр хүмүүст
энэхүү зээлийг ар өврийн хаалгаар өгөх асуудал байхгүй шүү” хэмээн хатуу
сануулсан билээ.
Энд
мөн бага дунд орлоготой гэр хорооллын иргэдэд зориулсан орон сууцны
зээлийн хүүг зургаан хувь болгоход бусад арилжааны банкууд дагаад
зээлийн хүүгээ бууруулахгүйг онцлох хэрэгтэй. (Монголбанкны ерөнхийлөгч
арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах боломжгүй гэж үзэж байгаа.)
Хэдийгээр бусад холбогдох албаныхан зээлийн хүү зургаан хувь болгоход
арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү тодорхой хэмжээнд буурч
мэднэ гэсэн ч энэ нь зөвхөн таамаг. Одоогийн байдлаар ихэнх арилжааны
банкуудын орон сууцны зээлийн хүү жилд 15-16 хувь байна.
Арилжааны
банкуудын зээлийн хүү хурдан буурахгүй байх хоёр үндэслэл бий.
Нэгдүгээрт Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулж “Шинэ бүтээн
байгуулалт” хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ зургаан хувийн хүүтэй зээлийг
нийт иргэдэд хавтгайруулж биш харин бага дунд орлоготой, орон сууцны
зээл авах гэхээр арилжааны банкнуудын зээлийн хүүг нь дийлдэггүй хүмүүст
л олгоно. Тэгэхээр энэ хэсэгт хамрагдахгүй үлдсэн хүмүүс нь арилжааны
банкуудаар үйлчлүүлэхээс өөр аргагүй. Хоёрдугаарт, 100 мянган айлын сууц
баригдаагүй байна. Ганцхан жишээ татахад л хамгийн эхэнд баригдах
Буянт-Ухаа хорооллын 1798 айлын орон сууц ирэх оны 6 дугаар сард
баригдаж дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.
Харин
өнгөрсөн жил эхэлсэн “4000 орон сууц” хөтөлбөрт одоогийн байдлаар 3
мянга гаруй төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд тэд улсын комисс
хүлээж авсан аль ч орон сууцанд орох боломжтой. Одоогийн байдлаар нийт
96 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны асуудлыг шийдсэн байна. Энэ талаар
ОССК-ийн Зээлийн газрын захирал М.Уламбаяр нэгэн сонинд өгсөн
ярилцлагандаа дурджээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчид
жилд 8 хувийн хүүтэй зээл төлдөг. Зарим иргэд 8 хувийн хүүтэй зээлээ 6
хувь болгох боломжтой эсэхийг их сонирхож байна. Харин ихэнх
мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол нэгэнт л олгогдсон зээлийн хүүг
бууруулах боломжгүй бололтой.

САНХҮҮЖИЛТ
“Шинэ
бүтээн байгуулалт” хөтөлбөрийг дэмжихээр Засгийн газар 800 тэрбум
төгрөгийн бонд гаргахаар зэхэж байгаа. Энэ мөнгөний 300 тэрбумыг хот
төлөвлөлт, дэд бүтэц, орон сууц барихад зарцуулна. Үндэсний хөгжил,
шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга
Г.Батхүрэл нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа “Засгийн газар Хөгжлийн
банкинд 800 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг шийдсэн. Энэ бондын
санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлнэ” гэж
хэлсэн байна. Түүний хэлснээр бол 2011 онд Хөгжлийн банк дөрвөн арга
хэмжээг санхүүжүүлэхийн нэг нь “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр буюу
шинээр орон сууц барих асуудал орсон ажээ.
Мөн
800 тэрбум төгрөгийн бондыг арилжааны банкууд худалдаж авч чадна гэдэгт
Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын итгэлтэй байна. Тэр бүү хэл
800 дахин нэмж бонд гаргах ч боломж бий гэж тэрбээр “Зууны мэдээ” сонинд
өгсөн ярилцлагандаа дурдахдаа “Эрэлт хангалттай байгаа. Зөвхөн дотоодын
эх үүсвэрээр хангах зүйл биш. Дэлхийн эдийн засгаас санхүүгийн
байгууллага, хөрөнгө оруулагчдын зүгээс төгрөгийн эрсдэлийн зээл авах
сонирхолтой. Эх үүсвэрүүд ямар төвшинд байгаа талаар судалгаа бий” гэж
хэлсэн байна.
Ер
нь зургаан хувийн хүүтэй зээлийг хэрхэн олгох нь одоогоор хараахан
тодорхой биш байна. Төрийн албанд ажилладаг хүмүүст ОССК-аар дамжуулан
олгох бол харин хувийн хэвшлийнхэнд арилжааны банкуудаар дамжуулан олгох
нэг хувилбар яригдаж байгаа юм байна. Мөн арилжааны банкуудаар
дамжуулан зургаан хувийн хүүтэй зээл олговол хүүний зөрүүг төрөөс даах
хувилбар ч бас яригдаж байгаа ажээ.
Эцэст
нь нэг зүйлийг энд дурсмаар байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар
дүүргийн 9, 10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр ( 7 дугаар
хоролол) амьдарч байгаа иргэдийн газрыг чөлөөлөхөд зориулж Улаанбаатар
хот 20 тэрбум төгрөг гаргахаар 2011 оны төсөвт суулгачихсан байгаа гэнэ.
Гэтэл тухайн газар оршин суугчид эзэмшсэн газраа хэт өндөр үнэлж, зарим
тохиолдолд 100-120 сая хүртэлх төгрөгийг шаардаж буй нь нэг талаар
газар чөлөөлөх явцад хүндрэл учруулж болзошгүй гэж албаны хүмүүс онцолж
байна хэмээн нэгэн сонинд бичжээ. Ерөнхий сайд ч мөн үүнд нийтийн эрх
ашгийн үүднээс зарим тохиолдолд төрийн зохицуулалт чанга байхыг сануулж,
хотын удирдлагуудад ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон ажээ.
Эндээс
харахад дахиад л бөөн маргаан үүсэх янзтай. Засгийн газар хүний эрхийг
зөрчилгүй энэ асуудлыг хэрхэн шийдэх нь тун анхаарал татна. Уг нь бол
хуулийн дагуу авсан үнэгүй газраа иргэн хүн хэдэн төгрөгөөр зарах нь
түүний дур. Та нар газраа ашиглаад баяж гэж Монголын төр засаг иргэддээ
газрыг нь өмчилсөн. Гэтэл заримдаа Засгийн газар зах зээлийн хуулийг
зөрчиж жишиг үнэ тогтоон, амласан амлалтаасаа буцахад хүрч байна.
Долдугаар хороллын хувьд асуудал маш ойлгомжгүй байна. Хамгийн гол нь
Засгийн газар бүх зүйлийг маш тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал
хашаа байшинг нь байраар солих юм бол заавал шинээр баригдах байранд
оруулна гэж тулгах албагүй. Одоо байгаа өчнөөн эзэнгүй байгаа орон
сууцнуудад эхний ээлжинд нүүлгэн шилжүүлж болохгүй гэж үү? Гэх мэт олон
асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлуудыг бид дараа дараагийн дугаартаа
хөндөж бичнэ…

http://mongolchuud.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж