С.Ганбаатар: Сангийн сайд үг мушгиж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Сангийн сайд үг мушгиж байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтарсан Төсвийн тухай хуулийн төслийн талаарх уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд өчигдөр болсон. Уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимийн Гадаад харилцааны газар, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт зэрэг нийт 18 албан байгууллагын төлөөлөл оролцсон.

Шинээр боловсруулж буй Төсвийн тухай хуулийн төсөл нь төсвийн процесс болон нэгжүүдийг бүрэн хуульчилсан хууль болж байгаа нь давуу талтай гэж Төсвийн байнгын хорооны гишүүд үзэж байсан. Харин Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Иргэний нийгмийн байгууллагын оролцоо гэхээр хамтарч ажиллах нэрээр хэдэн төгрөг төсөвлөөд тэдний амыг тагладаг байх ёсгүй” гэж байнгын хорооны гишүүдийн үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандсан.
Энэхүү уулзалт хэлэлцүүлгийн талаар С.Ганбаатартай ярилцлаа.

-Шинэчлэн боловсруулж байгаа Төсвийн тухай хуульд ямар асуудлууд тусгавал алдаа мадаггүй хууль болох вэ?

-Төрийн албаны төсөв захиран зарцуулалтад олон нийтийн хяналтыг сайжруулах хэрэгтэй. Шинээр боловсруулж байгаа хуульд олон нийт гээд л тусгаад л орхичихвол хэн ч биш гэсэн үг болчихно. Заалт нь бүрэн төгс бус болохоор олон нийт гэдэг чинь Дорж, Дулмаа гэсээр хавтгайраад 2.7 сая хүн болчихно, олон нийтийн хяналт тавих ямар ч боломж өгөхгүй. Төрийн албаны үйл ажиллагаанд 2.7 сая хүн бүгд мэдээлэл авч хяналт тавих боломжгүй. Олон нийт гэж хавтгайруулж хаяснаар хяналт тавих, хариуцлага үүрэх хүн байхгүй болж эзэнгүйднэ. Үүний оронд пүүс, компаниудийг төлөөлж байгаа эздийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, татвар төлж байгаа эздийн байгууллага, нийт хөдөлмөрчдийг төлөөлж байгаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллага зэрэг тодорхой буух эзэнтэй буцах хаягтай хүмүүс хяналт тавьж хариуцлага үүрэх тухай би хэлээд байгаа юм. Эдгээр хүмүүст зориулж төсвийн захиран зарцуулагч нар орлого зарлагын бүх мэдээллийг гаргаж өгдөг байх ёстой. Бидний дэвшүүлж буй энэ асуудлыг хуулчилж өгөх хэрэгтэй байна. Олон нийтийн байгууллага тухайн албан газраас авсан мэдээлэлдээ мэргэжлийн бус дүгнэлт гаргахыг үгүйсгэхгүй. Мэргэжлийн бус дүгнэлт гаргасан тохиолдолд мэргэжлийн бие даасан аудитийн байгууллагуудтай харилцан уялдаатай ажилла гэж зааж өгөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, аудитийн байгууллага мэргэжлийн туслалцаа үзүүлдэг байх. Эсвэл аудитийн байгууллагын үйлчилгээг худалдан авах хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлыг хөндөж ярихгүй, хуульчилж өгөхгүй байгаа юм.

-Дээрхи асуудлыг тэгээд таныхаар хэрхэн зохицуулаж болох вэ?

-Таван зуун жилийн өмнө дэлхий дээр төр шашин хоёр хамт байсан. Түүнээс болж дандаа дайн үүсч байсан. Харин хүмүүс бодож байгаад шашин төрийг салгасан үр дүнд нь дэхийд энх тайван тогтсон. Загалмайтны аян дайн гэх мэт шашин төрийн хооронд үүссэн дайн үгүй болсон. Өнөөдөр харин дэлхий даяар төрийн үйлчилгээнээс үүдэлтэй авлигын дайн болж байна. Татварын мөнгийг төр хараа хяналтгүй зарцууулж байна. Үүнийг зохицуулах ганц арга, хяналт нь төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн ил тод байдал. Үйлдвэрчний байгууллагын хяналт байх хэрэгтэй гэсэн чинь өнөөдөр /өчигдөр/ Сангийн сайд С.Баярцогт "та нар аудитийн байгууллагын эрх ав, тэгээд хяналт тавьж болно" гэж байна. Би аудитийн байгууллага болно гэж хэлээгүй, Сангийн сайд үг мушгиж байна. Бид төрийн албан байгууллагын орлого зарлагын бүх мэдээллээр хангагдах эрхтэй болмоор байна. Санхүүгийн бүх мэдээллийг үйлдвэрчний байгууллагад өгөөч ээ гэдэг асуудлыг тавьсан. Энэ бүгд нууц байснаар төсвийн байгууллагаас хулгай хийсээр байх болно.

Б.АЛТАНСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж