О.Гүндэгмаа олимпийн эрхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа олимпийн эрхэд ойрхон байна

Өмнөд Солонгосын Чанвон хотноо ISSF буюу Олон улсын буудлага спортын холбооны 2011 оны гурав дахь “Дэлхийн цом”-ын тэмцээн өчигдөр эхэллээ. “Лондон-2012” олимпийн 24 эрх олгох уг тэмцээнд дэлхийн 58 орны 500 гаруй мэргэн бууч өрсөлдөж байна. Харин Монголын тамирчид дасгалжуулагч Л.Ундралбат, С.Алтанцэцэг, С.Адилбиш нарын удирдлага дор 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Чанвоны “Дэлхийн цом”-ын тэмцээн өчигдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу болон 50 метрийн спорт гар бууны дасгалаар эхэлсэн бөгөөд Монголын баг тамирчдаас 10 метрийн хийн урт бууны төрөлд Д.Ганзориг, Н.Баяраа, Б.Бишрэл нар, 50 метрийн спорт гар бууны төрөлд В.Ганцоож, Э.Даваахүү нар онч мэргэнээ сорилоо. Урьдчилсан буудлага Д.Ганзориг 590 оноогоор 43, Н.Баяраа 589 оноогоор 46, Б.Бишрэл 588 оноогоор 52 дугаар байрт бичигдсэнээр шигшээ буудлагад өрсөлдөх боломжгүй болжээ. Энэ төрөлд Унгарын Петер Сиди урьдчилсан дасгалд 598, шигшээ буудлагад 104,6 оноо авснаар нийлбэр 702,6 онооогоор тэргүүлж, алтан медаль хүртсэн бол Израйлийн Сергей Рихтер /701,6/ мөнгө, БНХАУ-ын тамирчин Ван Тао /701,4/ хүрэл медалийн эзэн болжээ.

Харин 50 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн В.Ганцоож 549 оноогоор 39, Э.Даваахүү 545 оноогоор 50 дугаар байрт тус тус бичигдсэн байна.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу, 25 метрийн спорт гар бууны төрөлд аваргууд тодорно. Эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны урьдчилсан дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 585 оноогоор тавдугаар байрт бичигдсэнээр шигшээ наймд шалгарсан бол Герман улсыг төлөөлөн тэмцээнд оролцож буй Монголын тамирчин Д.Мөнхбаяр 584 оноогоор зургадугаарт бичигджээ. Энэ төрөлд БНХАУ-ын тамирчин Чен Ин 589 оноогоор тэргүүлж байна. Дашрамд сонирхуулахад, ISSF-ээс энэ удаагийн “Дэлхийн цом”-д эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд олимпийн хоёр эрх олгох бөгөөд шигшээ наймд шалгарсан тамирчдаас дөрөв нь эрхээ хэдийнэ авчихсан байгаа юм. Тэгэхээр үлдсэн дөрвөн тамирчин олимпийн хоёр эрхийн төлөө өрсөлдөнө гэсэн үг. Тодруулбал, одоогоор тэргүүлж буй Чен Инээс гадна Монголын тамирчин О.Гүндэгмаа болон Д.Мөнхбаяр нар, мөн наймдугаарт бичигдээд буй Болгарын Мария Гроздева нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм.

Шигшээ буудлага Монголын цагаар 14.30 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж