О.Гүндэгмаа эрхээ өвөртөлж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа эрхээ өвөртөлж чадсангүй

Өмнөд Солонгосын Чанвон хотноо өчигдөр эхэлсэн буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны шигшээ тэмцээн саяхан өндөрлөлөө. Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа энэ дасгалд өрсөлдөж, урьдчилсан буудлагад 585 оноогоор тавдугаарт бичигдсэнээр шигшээ наймд шалгараад байсан юм. Харамсалтай нь, шигшээ буудлагад үзүүлсэн түүний амжилт олимпийн эрх авахад хангалттай байсангүй. ISSF буюу Олон улсын буудлага спортын холбооноос Чанвоны “Дэлхийн цом”-ын тэмцээний 25 метрийн спорт гар бууны ангилалд олимпийн хоёр эрх олгосон. Харин шигшээ наймд шалгарсан тамирчдаас дөрөв нь хэдийнэ эрхээ авсан байсан учир нь үлдсэн дөрвөн мэргэн буучны хооронд олимпийн хоёр эрхийн төлөөх өрсөлдөөн өрнөсөн юм. Ингээд Хятадын тамирчин Чен Ин шигшээ буудлагад 205,6 оноо авснаар нийлбэр 794,6 оноогоор тэргүүн байраа хадгалж, аваргын алтан медалиас гадна олимпийн эрхээ өвөртөллөө. Харин мөнгө, хүрэл медалийг Хятадын Юань Жин /791,3/, Болгарын Антоанета Бонева /701,2/ нар хүртсэн. Гэхдээ энэ хоёр тамирчин өмнөх Сиднейн “Дэлхийн цом”-оос хэдийнэ олимпийн эрхээ авчихсан байсан юм. Урьдчилсан буудлагын дараагаар 584 оноогоор О.Гүндэгмаагийн яг ард буюу зургадугаар байрт бичигдээд байсан Германыг төлөөлж буй Д.Мөнхбаяр шигшээ буудлагад амжилттай буудсанаар нийлбэр 788,5 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарч, олимпийн үлдсэн нэг эрхийн эзэн боллоо. Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа нарын хооронд ердөө 1,4 онооны зөрүү гарсан бөгөөд хэрэв О.Гүндэгмаа дөрөвдүгээр байрт шалгарсан бол медаль зүүхгүй хэдий ч олимпийн эрхээ авах байлаа. Гэхдээ түүний боломж нээлттэй хэвээр. Тэрбээр мягмар гаригт 10 метрийн хийн гар бууны дасгалд онч мэргэнээ сорих бөгөөд тэндээс олимпийн эрхээ авах боломжтой юм.

Мөн түүний хамт энэ дасгалд өрсөлдсөн ОУХМ Ц.Мөнхзул 580 оноогоор 17 дугаар байрт, Т.Баярцэцэг 565 оноогоор 53 дугаар байрт тус тус бичигджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж