С.Баяр: Төрдөө хандаж үгээ хэлэх юмсан

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

С.Баяр: Төрдөө хандаж үгээ хэлэх юмсан

Одоогоос бараг гурван жи­лийн өмнө, 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг эсэр­гүүцэн нийслэлийн төв, хуу­­­чин нэрээр МАХН-ын төв байр­­­­ны эргэн тойронд болсон үй­мээний талаар Монгол Улсын Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр хан­­­галттай зүйл яриад буй. Тэр­бээр тухайн үед онц байдал зар­лах болсноо Ерөнхий сайд, экс МАХН-ын дарга асан С.Баяраас шалтгаалсан хэмээж буй билээ. Олон нийт одоо УИХ-ын гишүүн С.Баяр ямар үг хэлэхийг хүлээж байгаа. АНУ-д эмчлүүлж байгаад УИХ-ын хаврын чуулганы өмнө­хөн эх орондоо ирсэн эрхэм ги­шүүн С.Баяр долдугаар сарын 1-ний хэрэг явдлын талаар тоймтой үг хэлэлгүй өдийг хүргэсэн юм.

Харин өнгөрсөн ням гаригт 25 дугаар суваг телевизээр гишүүн С.Баярын сэтгүүлч Г.Мөнхтуултай хийсэн ярилцлага гарсан нь нэлээд олон зүйлийн учгийг нээхэд тус болов. Түүний үгийг нэмэр чимэггүй тоймлон хүргэж байна.

Байр сууриа илэрхийлэхээр Ерөнхий прокурорт ханджээ

С.Баяр гишүүн долдугаар сарын 1-ний үйл явдал бүгд баримтаар нотлогдож байгаа тул аль нэг этгээд мушгиж гуйвуулж ярих ямар ч бололцоогүй хэмээн ярианыхаа эхэнд онцолсон юм.

Тэрбээр “Долдугаар сарын 1 бол Монголын түүхэнд анх удаа гарсан эмгэнэлт хар өдөр байдаг. Үүнийг давтахгүй байхын гол нөхцөл нь юу вэ гэхээр буруу зөрүү үйлдэл гаргаж хуу­лиа зөрчсөн бол, буруутан нь мөн юм бол  албан тушаалтнуудаасаа авахуулаад тэнд оролц­сон олон субъект бүгд хариуцлага хүлээх ёстой. Давын өмнө би төрдөө, хууль хяналтын байгууллагад долдугаар сарын 1-тэй холбоотой, өөрийн мэдэж байгаа бүх мэдээллээр нууж хаалгүйгээр, мушгиж гуйвуулалгүйгээр албан ёсоор тайлбар хийж, тодруулга хэлмээр байна. Гэрчийн мэдүүлэг ч байна уу, юу ч байсан би өгнө гэж бодож байгаа. Өгөх учиртай гэж бодож байгаа учраас би Улсын ерөнхий прокурорт энэ асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлмээр байна гэсэн хүсэлтээ гаргачихаад байж байна” гэлээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өөрийнх нь талаар хэлсэн үгэнд өмнөөс нь хариулахгүй гэд­гээ С.Баяр гишүүн ярилцлагынхаа үеэр хэлж байв. Зөвхөн долдугаар сарын 1 ч биш өөр асуудлуудаар  Н.Энхбаяр өөрийг нь буруут­гадаг, Ерөнхийлөгчийн 2009 оны сон­гуульд ялагдуулсан нь С.Баяраас болсон гэж дуулиан дэгдээсэн, энэ нь нам дотор болсон асуудал учраас шүүх, цагдаад хандах аргагүй байсан гэлээ. “Энэ талаар МАХН-ын хяналтын байгууллагад хандсан, гэвч холбогдох материалаа Н.Энхбаяр өнөө маргааш гэсээр гаргаж өгөөгүй сураг тасарсан гэсэн. Энэ бол өнгөрсөн хаврын асуудал. Энэ хавар долдугаар сарын 1-нээр дуулиан дэгдээж байна.  Шахаж дарамтлуулж зарлиг гаргуулсан Ерөнхийлөгч мэтээр өөрийгөө хэлэх нь хэр зохимжтой байдаг юм бол. Энэ бол зүгээр нэг шагналын зарлиг гаргуулах гэсэн зүйл биш. Улс оронд онц байдал зарлах тухай зарлиг юм шүү дээ. Үүнийг дарамт шахалт дор гаргах биш, Үндсэн хуулиар тогтоосон тухай тухайн албан тушаалтан тухай тухайн үүрэгтэй байгаа. Тэр дагуу үүргээ гүйцэтгэсэн асуудал. Энэ бол хувь хүний гэхээсээ төрийн дагаж мөрдөх ёстой зарчим гэж би боддог. Гүйцэтгэхдээ цаг хугацаанд нь байна уу, цаг алдсан байна уу, энэ бол хууль хяналтын байгууллага тогтоох ёстой асуудал. Энэ талаар хууль хяналтын байгууллага л дүгнэлтээ гаргах ёстой.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан н.Ганболд надтай үгсэн хуйвалдаад онц байдал тогтоосон гэвэл бодит байдалд үнэндээ нийцэхгүй. Бололцоо ч байхгүй. Зарлигт Ерөнхий сайд биш Ерөнхийлөгч гарын үсэг зурдаг. Зарлиг гарахтай холбогдуулж ҮАБЗ хуралдсан байдаг. Онц байдлыг Бага тойруу буюу Улаанбаатарын төв хэсэгт зарлахаар тогтсон. Онц байдал зарлах хүрээ, оролцох бүрэлдэхүүн, хугацаагаа заагаад, нэгэнт шөнө орой болсон тул 24.00 цагаас гэе гэсэн. Олон нийтэд мэдээлэхдээ яг 24.00 цагт биш, ядаж нэг цагийн өмнө, үгүйдээ 30 минутын өмнө зарлах үүднээс бид маш богино хугацаанд түргэн шуурхай хуралдсан. Тэр хурал дээр бүх асуудал шийдэгдсэн учраас нэг албан тушаалтан өөр нэг албан тушаалтныг дарамтлах, эсвэл үгсэн хуйвалдах байдлаар шийдэх бололцоо байгаагүй. Энэ бүхэн хууль хяналтын байгууллагаар шалгагдсаны эцэст тодорхой болох ёстой. Хууль хяналтын байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авч байгаагүй. Долдугаар сарын 1 хэчнээн хар ч гэлээ Монголын түүхэнд үлдэх өдөр юм. Энэ өдөр болсон явдал бүх баримттайгаа, бүх холбогдох хүмүүсийн тайлбар танилцуулга, тодруулга, гэрчийн мэдүүлэгтэйгээ үлдэх ёстой. Энэ тодорхой болсны дараа хэн нэгэн этгээд хэн нэгнийг буруутгах, яллах, улстөржсөн байдлаар ашиглах бололцоог бүрэн хаасан байдлаар шийдэгдэх ёстой гэж бодож байгаа.

Долдугаар сарын 1-ний асуудал дэндүү тодорхой байдаг. Олны өм­нө эхлээд олны өмнө дууссан өөр асуудал тийм олон байхгүй. Бүх юм цаг­тай, нартайгаа, хэн оролц­сон, хэн оролцож, юу хэлж байсан юм. Ямар үйлдэл хөдөлгөөн бол­сон юм. Сүүлд болсон ҮАБЗ-ийн хурлын бичлэг, тэмдэг­лэлээр хэн ямар санал гаргаж байсан юм. Хэн ямар төсөл оруулаад ямар шийдвэр гарсан юм. Ямар шийдвэрийн төсөл оруулж ирж байсан юм гэдэг бүгд баримттайгаа байдаг. Баримт нотолгоотой зүйлийн үнэнийг тогтооход хэцүү биш болов уу гэж миний хувьд боддог. Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс бие биеэ ингэж хэлэх нь зохимжгүйгээс гадна төрт ёсонд харшилдаг эд. Миний хувьд төрдөө хандаж үгээ хэлэх юмсан. Төрдөө албан ёсны тайлбар өгсний дараа шаардлагатай бол сэтгүүлчдийн асуултад хариулах, үүнээс дэлгэрэнгүй, тодорхой асуудлаар ярих бололцоо нээгдэнэ гэж бодож байна” гэлээ.

Онц байдлыг оройтож зарласан

Ерөнхий сайд С.Баярыг МАХН-ын төв байрыг шатаж дуустал шахам дотор нь байсан гэдэг. Энэ талаар ярихдаа “Тэр өдөр байдал бишдэж эхэлсэн нь үдээс хойш дөрвөн цагаас эхэлсэн. Урьд өмнө байсан жагсаал цуглаанаас шал ондоо. Бидний хуралдаад сууж байсан МАХН-ын байрны таван давхрын Удирдах зөвлө­лийн өрөөнөөс нэг ч бүтэн цонх үлдээгүй. Бид хурлаа хийж чадахаа больсон. Тараасан. Уг нь 17.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэж урьсан, 50-60 сэтгүүлч очсон байсан. Байдал хэцүү байсан.  17.00 цагаас гал тавьсан байдаг юм. Гал тавьсныг би мэдээгүй л дээ. Хэвлэлийн бага хурлын танхимд ороод сууж байсан. Сунжирсаар байгаад 17.30-17.40 орчимд хэвлэлийн бага хурал эхэлж би 10-15 минут мэдээлэл хийгээд асуулт хариулт эхэлж байтал утаа ороод ирсэн. Цонх онгорхой учраас уурын зуух шиг, тал талаас салхинд авагдаад гал дээшээ маш хурдтай явж эхэлсэн. Хэвлэлийн бага хурал дуусч чадаагүй. Би Ерөнхийлөгчтэй холбогдож байсан. “Чулуу, мод болоод явчихлаа. Нэг ч цонх үлдсэнгүй” гээд. Миний санахад 18.30 цаг орчимд хэвлэлийн бага хурлаас гараад би “Онц байдал тогтоох хэрэг гарч байх шиг байна шүү, Ерөнхийлөгч өө. Энэ бол ганц намын байраар зогсохгүй, цаашаа өргөжөөд явчихаж магадгүй, зохион байгуулалттай харагдаж байна. Мод, чулуу болоод байна” гэсэн. Би дотор байгаа цонхоор хараад хэлж байгаа хүн, байдлыг бас үнэн бодитой дүгнэж чадаж байна уу, үгүй юү. Хууль ч надад байхгүй. Та гадна байгаа хүн, хуулиа сайн хараарай. Би хуульч хүний хувьд санаж байгаагаар бол УИХ онц байдал тогтооно, үгүй бол Ерөнхийлөгч шууд тогтоох үүрэгтэй байгаа шүү. Засгийн газарт ийм тийм хурал байхгүй шүү. Та судлаач гэсэн. Ерөнхийлөгч “Та гараад ирээч” гэсэн. Би гарч ирж болохгүй байсан. Энэ байран дотор намын ажилтнуудаас гадна сэтгүүлчид байсан. Аж ахуйн нэгжүүд ажилладаг. Нийтдээ 250-300 гаруй хүн байсан. Гаднаас нь чулуудаад байсан учраас гарч чадахгүй. Цагдаагийн хүч бамбайгаараа хаагаад, бамбайн дор тав зургаагаас илүү хүн багтахгүй байсан. Нөгөө хэдээ Улаанбаатар зочид буудлын хавьд хүргээд, эргэж ирж тав зургаан хүн гаргана. 200-300 хүнийг ингэж гаргахад удаан байсан. Гал руу нийлэг эд хаяснаас байран дотор байсан хүмүүсийн нүд хорсч, амьсгаа давхцаж хэцүү байсан. Өрөөнүүдэд түгжигдэж угаартсан улс байх вий. Бүгдийг нь явж шалга гэсэн. Гал ширүүссэн нь 18.00-18.30-ын үед байх. Бүх хүнээ гаргана гэсээр байтал 21.00 цаг хүргэдэг юм. Би тэндээс 20.40-20.50 цагийн үед гараад Төрийн ордонд очсон. Тэр хооронд Ерөнхийлөгчтэй ярьсаар байсан. Орж ирүүт би тухайн үед Ерөнхийлөгчид бухимддаг юм. Ерөнхийлөгч “Би улс төрийн намуудын дарга нарыг цуглуулаад зөвлөлгөөн хийж байна” гэсэн. “Юун зөвлөлгөөн бэ. Улс төрийн намууд чинь хийдэг гайгаа хийчихлээ шүү дээ. Одоо бол тэдэнтэй ярих юм байхгүй. Бүгдийг хөөгөөд гаргах хэрэгтэй. Одоо Монголын төр ажлаа хийх ёстой. Бүрэнхий болохоос өмнө онц байдал зарлах ёстой бол бэлтгэлээ хангах хэрэгтэй. Шөнийн харанхуйгаар юу ч болоо билээ” гэсэн. Тийм өдөр улс төрийн намын дарга нар өөдтэй юу ярих билээ. Бие бие рүүгээ дайрч давшлаад л чамаас болсон. Надаас болсон гээд хэрүүлийн маягтай л юм болсон. Тэднийг гарсны дараа, харамсалтай нь 21.00 цаг өнгөрөөж байж зарлиг гаргах ажилдаа ордог юм. УИХ-ын дарга /Д.Лүндээжанцан. сурв/ сонгуулийн ажлаар хөдөө байсан. Яаралтай дуудуулахад 21.30-ын үед гарлаа гэсэн. Ирэх гэсээр байтал 22.00 цаг өнгөрөөж орж ирсэн. ҮАБЗ-ийн гишүүд бүрэлдэж цуглаад гурвуулаа болж аваад зарлиг гаргая гэсэн. Байдал ч тодорхой болсон. Тэнд сууж байхад Соёлын төв өргөө рүү дайрлаа л гэнэ. ХАС банкийг тоноод эхэллээ, галерей руу орлоо. Гал тийшээ орлоо гээд мэдээлэл авсан. Ердийн аргаар тогтоохгүй нь хэнд ч ойлгомжтой болсон цагт зарлигаа гаргая даа гэж шийдсэн. Зарлигийн үндсэн агуулга, хамрах хүрээ, үргэлжлэх хугацааг ярьсаар байтал их орой болчихсон. 23.30-ын үед зарлигт гарын үсэг зурсан санагддаг юм. Телевизээр зарлаад 24.00 цагаас онц байдал зарласан. Монголын төр гаргах ёстой шийдвэрээ л гаргасан. Миний бодлоор жаахан оройтож гарсан”.

Чулуу, шатах бодис авчирсан машинууд дугаартайгаа байдаг

Галт зэвсэг хэрэглэсэн талаар С.Баяр гишүүн ингэж ярьсан юм. “Шөнийн харанхуйгаар бужигнаад хэн буудсаныг одоо болтол тогтоо­гоогүй байгаа шүү дээ. Яг тэр буудлаа, Дорж гэдэг цагдаа Дондог гэдэг иргэнийг буудлаа гэдэг нь тогтоогдоогүй гэж би ойлгосон. Галт зэвсгээр амь насаа алдсанаас гадна шархадсан хүмүүс байдаг. Тэдэн дотор цагдаагийн зэвсэглэлд байдаг АКМ автомат Макаров буунаас гадна жижиг калибрын сумаар буудуулсан хүмүүс ирсэн гэдэг. Үүнийг одоо болтол нарийвчилж шалгаагүй байна. Цагдаа буудсан байлаа гэхэд өөрийнх нь зэвсэглэлд байхгүй жижиг калибрын буугаар яаж буудсан байх вэ. Цагдаа биш бол хэн буудсан байхав. Хурц гэрэлтэй хар машинаар давхиад буудаад байсан гэсэн. Тэр машин хаана байна. Миний мэдэж байгаагаар цагдаагийн машин тодорхой. Одоо болтол тодорхой болоогүй олон асуудал байдаг. Намын байран дээр болсон жагсаал цуглаан явсаар байгаад улайран дайрсан юм болсон. Дайрах дайрахдаа хаалга цонх эвдсэн биш, урьдчилан фургоноор бэлтгэсэн чулуу, шатах бодис байдаг юм. Тэр зүйлүүдийг авчирсан машинууд дугаартайгаа байдаг. Улсын дугаартай машинууд шүү дээ. Тэрийг хэн зохион байгуулж авчирсан юм бэ. Тэр тухай асуултын хариуг өнөөдөр болтол хэн ч авч чадаагүй байгаа. Тэр аюултай өдөр аюул сөрч, нүүр тулж  зогссон байгууллага бол Монголын цагдаа. Гэтэл долдугаар сарын 1-ний дараа гол буруутан нь Монголын цагдаа, зохион байгуулсан хүн нь тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил гэдэг ийм дүгнэлтэд хүрэх гэж байгаа бол зөв дүгнэлт гэж би хувьдаа үзэхгүй. Монголын ард түмэн ч санал нийлэхгүй болов уу гэж бодож байна. Онц байдлыг тогтоох, үймээн самууныг дарахад албан тушаалтнууд, тухайн байгууллагууд алдаа мадагтай, дутуу дулимаг ажилласан зүйл байгаа байх аа. Хүлээх хариуцлагыг хүлээлгэх ёстой. Гэхдээ явсаар байгаад долдугаар сарын 1-ний гол буруутан нь цагдаа, түүний дээр байсан Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил гэдэгт хүргэх байдлаар ярьж байгаа ярианы үнэн мөнийг ч тогтоох ёстой. Үүнийг ингэж ярихдаа мөрдөн байцаалтын нууц, улсын нууцыг задруулсангүй. Энэ дотор шийдвэр гаргахтай холбоотой нарийн нарийн асуудал бий. Түүнтэй холбоотой зүйлийг хууль хяналтын байгууллагад ном ёсоор, албан ёсоор мэдүүлэх ёстой гэж үзэж байгаа” гэлээ. Үүгээр тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Баярын ярилцлага өндөрлөв. Эндээс уншигчид Ерөнхий сайд асан, эрхэм гишүүн С.Баярын үгийг Монгол  Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үгтэй харьцуулан дүгнэлтээ хийх биз ээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж