Боулингчид холбооны цомын аваргаа тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Боулингчид холбооны цомын аваргаа тодрууллаа

Монголын боулингийн холбоо 2011 оны “А” зэрэглэлийн анхны тэмцээнээ “Big Bowling” төвд амжилттай зохион явууллаа. Чансаагаараа УАШТ-ий дараа орох “Холбооны цом”-ын тэмцээнд чансааны шалгуур үзүүлэлтээр долоон клубын эрэгтэй 53, эмэгтэй 20, нийт 73 тоглогч эрхээ аван өрсөлдлөө. Оролцогч бүр дөрвөн тоглолт хийж, нийлбэр дүн, онооны дунджаар эрэгтэй 16, эмэгтэй найман шилдэг тоглогч шигшээ тоглолтод шалгарснаас эмэгтэйчүүдийн ангилалд 2-р зэргийн тоглогч С.Хандаа /ТЭЦ-3/ ур чадвараараа өсч яваа гурван залуу тоглогчийг дараалан хожиж, аваргын цомын эзнээр тодорсноос гадна спортын I зэргийн үнэмлэхээ гардан авлаа. Хоёрдугаар байрт Т.Туул /Big Bowling/ шалгарч, спортын II зэргийн болзол хангасан байна. Харин залуу тоглогч З.Гэрэл /Green Strikes/ урьдчилсан тоглолтод 180, шөвгийн тоглолтод 203 оноо тус тус авснаар гуравдугаар байрын шагналаа өндөр онооны шагналтай ихэрлүүлэн, спортын II зэргийн болзол хангаж, энэ оны чансааны дэд байрт бичигдэж эхэллээ. Мөн Д.Сэлэнгэ, С.Ариунжаргал /хоёул Green Strikes/, Х.Өлзийхорол /Big Bowling/ нарын тоглогчид шөвгийн болон хагас шигшээ тоглолтод шалгаран 175-аас дээш оноог тус бүр хоёр удаа авснаар бонус онооны эзэд боллоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд УАШТ-ий мөнгөн медальт, I зэргийн тоглогч Ц.Лхасүрэн /Big Bowling/, Н.Батболд /Double-X/-ыг 214:186 харьцаагаар хожиж, аваргын цомыг гардан авлаа. Хоёрдугаар байрт шалгарсан Н.Батболдын хувьд урьдчилсан тоглолтод 236 оноо авч, хагас шигшээ тоглолтод хот, улсын олон удаагийн аварга, I зэргийн тоглогч В.Энхбат /Green Strikes/-ыг хожсоноор 2011 оны чансааны 59-өөс дөрөв рүү “нислэг” хийсэн нь яах аргагүй түүнийг дуулианы эзэн болголоо. Гуравдугаар байрын эзэн Ж.Энхжаргалан /300 клуб/ урьдчилсан тоглолтод авсан 244 оноогоор өндөр онооны шагналыг халаасалж, дээр нь Н.Батболдын хамтаар спортын II зэргийн болзол хангасан байна. Дээрх тоглогчдоос гадна II зэргийн тоглогч С.Батзориг /Double-X/ 224 оноо, I зэргийн тоглогч Г.Сундуйжав /Big Bowling/ 231оноо авч, тус бүр 35 оноогоор чансаагаа ахиулав. Б.Батхүү,О.Батбаатар /хоёул Big Bowling/, н.Нацагдорж, н.Болдбаатар /хоёул Мишээл/, Д.Мурат/B’Zone/ нар олон жил тоглосон туршлагатай тоглогчдыг ялан шөвгийн тоглолтод гарч ирснээр өрсөлдөөнийг дээд цэгт нь хүргэлээ.   Өнгөрсөн жилээс эхлэн холбооны ерөнхийлөгч Н.Тамирын санаачилгаар зохион явуулах болсон энэ тэмцээн жил ирэх бүр оролцогчдын чансаа,ур чадварын үзүүлэлтээр боулингийн спортын хөгжилд томоохон түлхэц өгч байна.

МОНГОЛЫН БОУЛИНГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж