Сангийн сайд Хөтөлийн үйлдвэрүүдтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Сангийн сайд Хөтөлийн үйлдвэрүүдтэй танилцлаа

Сангийн сайд С.Баярцогт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон дахь барилгын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай  танилцлаа.

Эхний орсон газар Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр байв.  Тус үйлдвэрийн хувьд 1984 онд ашиглалтад орсон манай барилгын материалын ууган үйлдвэрийн нэг юм. Өнгөрсөн жилүүдэд барилгын салбар бүхэлдээ хямралд орсоноос,  тус үйлдвэрийн дулааны цахилгаан станц ихээхэн хэмжээний өрөнд унаж, улмаар станц зогсоход хүрч байсан аж. Энэ асуудалд Засгийн газар  анхаарч Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн дулааны станцийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөөс 783.2 сая төгрөг гаргаж,  өрийг шийдвэрлэсэн байдаг аж. Ингэснээр үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж байжээ. Тус үйлдвэр өнгөрсөн онд 219 мянган тонн цемент, 40.2 мянган тонн шохой үйлдвэрлэн зах зээлд нийлүүлжээ.

Түүнийг дагаад үйлдвэр өнгөрсөн онд ашигтай ажилласан төдийгүй цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж  “Хөтөл” 1, 2 үйлдвэрүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг дахин тооцож гаргах, нөөцийг дахин судлах, эрэл хайгуул хийх, борлуулалтын сүлжээнд анхаарах талаар идэвхитэй ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр нь нойтон аргаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүчин чадлаа өргөтгөх, бүтээгдэхүүний чанар гарцыг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх зорилгоор хуурай аргаар боловсруулалт хийхээр төсөл загвар боловсруулах ажилдаа оржээ. Тус үйлдвэр ашиглалтад орсоноор одоогийн хүчин чадал хэд дахин нэмэгдэж, жилд сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох аж.   “Эдийн засаг  сэргэж, бүтээн байгуулалтын ажил асар ихээр өрнөж эхлэх энэ цаг үед та бүхний өмнө өргөн зах зээл хүлээгдэж байна. Харин бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч, цаашид их хэмжээгээр нөөцөлж ажиллах шаардлагатай гэдгийг Сангийн сайд анхаарууллаа.  
Сангийн сайд мөн тус үйлдвэрийг түшиглэн 1997 онд байгуулсан Улаанбаатар төмөр замын Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрээр орсон юм. Уг үйлдвэр төмөр замын бетон дэрнээс гадна авто болон төмөр замын гүүр хоолойн бетон хийц эдлэл, гүүрийн дам нуруу, үерийн хамгаалалт, барилгын даацын болон даацын бус хийц эдлэл гээд 20-оод нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдэрлэдэг байна. Жилд 65-75 мянган ширхэг дэр  бетон дэр үйдвэрлэх хүчин чадалтай.  долоон цех, 150 ажилтантай юм байна.

 Төмөр замын бетон дэрний уламжлалт технологыг халж бетон эдлэлээр хийдэг болсноор эх орны ойн нөөцийг хэмнэх, байгаль орчноо хамгаалах зорилгод ихээхэн нийцсэний зэрэгцээ  төмөр замын аюулгүй байдлыг хангах, бетон дэрний эдэлгээний хугацаа уртсах, үүнийг дагаад зам засварын арчлалт, засварын зардлыг хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх улмаар, галт тэрэгний хурд ч нэмэгдэх давуу талтай гэдгийг үйлдвэрийн дарга Ү.Чинсүх танилцуулсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж