Энэ онд 44 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Энэ онд 44 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй

Хүчирхэг гүрнүүдийн төв банкууд мөнгөний бодлогоо чангаруулж, инфляциас сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчилж байна. Гэсэн хэ­дий ч хөдөө аж ахуйн салбарын бү­тээгдэхүүний үнэ өсч байгаа нь хүнсний үнийг хөөргөж эхэлжээ. Мэдээж хэрэг, энэ бүхэнд газрын тосны ханш нэмэгдэж, сүүлийн гурван жилд хугацаанд байгаагүй дээд амжилт тогтоосон нь нөлөөлсөн билээ. Их Британид өнгөрсөн хоёрдугаар сард шатахууны үнэ гурван хувиар өссөн. Харин хэрэглээний үнийн индекс 4.4 хувиар нэмэгджээ. Тиймээс Их Британийн Худалдааны консорциумаас энэ талаар анхааруулж, хүнсний бү­тээг­дэхүүний үнийн өсөлтийг саа­руулахын тулд бүх хүчээ дайчлахаа мэдэгдсэн байна. Гэхдээ эдийн засаг нь хүндхэн байгаа учир Анг­лийн төв банк бодлогын хүүгээ нэмэхийг нэг их яаравчлахгүй байгаа бололтой. АНУ, Европ, Хятадын төв банкууд ч үүнтэй адил арга хэмжээ авч, мөнгөний бодлогоо чангаруулахаар зэхэж байгаа. АНУ-д л гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 3.9 хувиар нэмэгдсэн нь 1974 оны арваннэгдүгээр сараас хойшхи хамгийн хурдацтай өсөлт болжээ. Харин Хятадад бүр 10 хувиар өссөн гэх мэдээ бий.

Олон улсын биржүүд дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаагийн шалтгааныг шинжээчид хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ. Үүнд, юун түрүүнд, газрын тосны үнийн өсөлт нөлөөлсөн. Мөн Хятад, Энэтхэг тэргүүтэй орны хүн ам өсч байгаагаас эрэлт нэмэгдэх болсон билээ. Оросын тариаланчид бага ургац авч, АНУ-д Флорида, Техас мужуудын ургац сүйдэж, Энэтхэг, Пакистан, Австралид үер болсныг мартаж болохгүй. Иймэрхүү байдал цаашид үргэлжилбэл хүнсний хомсдол үүсч магадгүй гэх болгоомжлол хэдийнэ бий болчихоод байгаа. Үүнээс болж бордооны үнэ өссөн нь фермерүүдэд бас нэгэн дарамт болжээ. Ричмондын “Ellwood Thompson’s Local Market”-ын шинжээч Томми Лэнгфорд “Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Тэр дундаа цаг уурын өөрчлөлт тодорхой нөлөө гэхээс илүү шатахууны үнэ өссөн нь хамгийн том хүчин зүйл юм” гэжээ.

Хятад, Энэтхэгт барууны амьд­ралын хэв маягийг дууриасан дундаж давхаргынхны тоо нэмэгдэж байгаа. Энэ нь тэдний хэрэглээ бас өснө гэсэн үг юм. Дэлхийн банкнаас өнгөрсөн сард нэгэн анхааруулга гаргасан билээ. Олон улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд 15 хувиар өссөн байна. Тиймээс Дэлхийн банкны шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд 44 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай тулгарчээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудын хэрэглэгчдэд харьцангуй бага нөлөөлөх юм. Зөвхөн америкчууд л гэхэд орлогынхоо 15 хувийг хүнсэндээ зарцуулна гэх тооцоо бий. Харин хөгжиж буй орнуудын иргэдийн хувьд орлогынхоо 50 хувийг хүнсэнд зарцуулж байна.

НҮБ-аас саяхан гаргасан мэ­дээлэлд өнгөрсөн сард хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс сүү­лийн найман сард анх удаа буурсан тухай онцолжээ. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл хэмээн шинжээчид тайлбарласан байна. Ойрхи Дорнод, хойд Африкийн орнуудад болж буй улс төрийн үймээн самуунтай зэрэгцээд Японы Засгийн газар сэргээн босголтын ажлаа эхлэх гэж байгаатай зэрэгцээд олон улсын биржүүд дээр түүхий эдийн эрэлт өсөх хандлагатай болсон. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний зах зээлд нөлөөлж, хэтдээ үнийг нь нэмнэ гэх хүлээлт байгаа юм. “Bloomberg”-ийн шинжээчдийн тооцож байгаагаар 2050 он гэхэд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 70 хувиар өсч, дэлхийн хүн амын тоо 10 тэрбумд хүрэх аж. Түүнчлэн эрдэнэ шишийн үнэ өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдсэн бол улаан буудайн үнэ 69 хувиар өссөн гэх мэдээ бий. Мөн энэ онд Хятадад ган болж магадгүй гэх таамаг байгаа. Энэ нь Хятад улс бага ургац авна гэсэн үг юм.

Их Британи, Бразилийн Засгийн газар Их 20-ийн орнуудыг үнийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд дорвитой алхам хийхгүй байна хэ­мээн шүүмжилжээ. Бразилийн хувьд дэлхийн нийт ургацын 19 хувийг бүрдүүлдэг билээ. Ямартай ч Их 20-ийн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нар ирэх зургадугаар сард ху­ралдаж, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар хэлэлцэх юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж