Хаврын тариалалтад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалтад бэлэн үү?

Гадаа дулаарч, хөдөөд төлийн дуу цан­гинан хавар ирснийг зарлана. Урины сал­хитай хамт, уриншаа бэлтгэж, тариалалтаа эхлүүлэх цаг дөхжээ. Энэ жилийн хувьд газар тариалангийн ажил ирэх сарын 10-аас эхэлнэ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн мэргэжилтнүүд өгүүлж байна. Ийнхүү тариаланчдын нөр их ажил эхэлж, тэнгэр хангайн аашийг аргадах цаг ирж байна.

Өнгөрсөн жилийн зун 40 хэм хүртэл халж, газар тариалангийн бүс нутгуудаар ган болох аюул нүүрлэсэн. Энэ жилийн хувьд ч олон жилийн дунджаас халуун зун болох төлөвтэй байгааг цаг уурынхны судалгаа харуулж буй. Нохой гаслам халуунд ногоо цагаагаа хатаачихгүйн тулд хаврын тариалалтаа хэзээ­нээс бэлтгэх вэ гэсэн тооцоо судалгааг газар тариалангийн салбарынхан хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул ай­магт хоёр өдөр зөвлөлдсөн тариаланчид маа­нь газар тариалангийн салбарын хөгжил, дэв­шил зовлон жаргалыг ярилцсанаас гадна энэ хаврын тариалалтаа хэзээнээс эхлүүлэх талаар зөвлөлдсөн байна.  Ирэх долдугаар сард ихэнх нутгаар, найм, есдүгээр сард төв, говийн болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градус дулаан байх цаг агаарын ерөнхий төлвийг харгалзан тариаланчид энэ жилийн хаврын тариалалтыг ирэх сарын 10-наас эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, улаан буудайн тариалалтыг тав­ду­гаар сарын 10-20-нд, үрийн тариалалтыг тавдугаар сарын 15-18-ны хооронд хийхээр тогтсон байна.

Энэ онд улсын хэмжээнд 281.2 мянган га-д үр тариа түүнээс 276.5 мянган га-д улаан буудай тариалахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төлөвлөөд байгаа гэнэ. Урьдчилсан тооцоогоор ургац хураалтын үр дvнд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг хангана гэсэн зорилт тавьж буй.

“Атарын III” аяны хүрээнд газар тариа­лангийн салбарт сэргэлт гарсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Уг аяныг эх­лүүлс­нээр импортоор оруулж ирдэг, чанар­гүй “хужаа” ногоонуудын хэрэглээ багассан  бөгөөд төмсний хувьд гэхэд Монго­лын бүтээгдэхүүн зуун хувьд дотоодынхоо хэрэг­цээг хангах болсон гэсэн судалгааг салбарын яамнаас гаргаад байгаа. 2010 оны ургац хураалтын дүнгээр  нийтдээ  366.3  мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 5.0 мянган тонн арвай, 3.1 мянган овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал,  205 тонн гурвалжин будаа, 169.0  мянган тонн төмс,  90.3 мянган тонн хүнсний ногоо, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус  хураан авч жилийн  хэрэгцээт буудай, төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны  53.7 хувийг  дотоодын ургацаас хангах боломжтой болжээ. Энэ бол том амжилт хэмээн сайрхах салбарынхан эл хавар улаан буудай үрийг гадаадаас худалдаж авахгүй хэмээн мэдэгдээд байна. Учир нь улаан буудайн үрийг дотоодоосоо зуун хувь хангах нөхцөл нэгэнтээ бүрдээд байгаа гэнэ. Улсын хэмжээнд улаан буудайн 46 мянган тонн үр шаардлагатай бөгөөд аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн жилээс нөөцөлсөн 36.8 мянган тонн үр хадгалагдаж байгаа аж.  Мөн  2010 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд таван мянга орчим тонн үрийн буудай худалдаж авсан, ОБЕГ-ын улсын нөөцийн санд байгаа  гурван мянган тонн үртэйгээ нийлүүлээд импортоор үр авахгүйгээр улаан буудайгаа тариалахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Газар тариалангийн ид ажлын үеэр техник хэрэгсэл, бензин шатахууны бэрх­шээл тулгарах нь бий. Энэ хаврын тариалал­тын үеэр шатахууны хүрэлцээний асуудал тариаланчдад хүндрэл авчирч болзошгүй болоод байна. Учир нь ОХУ-аас энэ дөрөв­дүгээр сард Монголд нийлүүлэх шата­хуу­ныхаа  тал хагасыг л нийлүүлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд Газрын тосны салбарынхны зүгээс ирэх сард “Роснефть” манай улсын хэрэгцээт газрын тос нийлүүлж чадахгүй бол Монголын дотоодын зах зээлд шатахууны хомсдол үүсч магадгүйг дурдах болсон. ОХУ-ын зах зээлд дизель түлшний нийлүүлэлт буурч, хомсдол үүссэн гэсэн шалтгаанаар Монголд нийлүүлэх  дизель түлшний хэм­жээг хязгаарлах бодлого барьж байгаа бололтой. Газрын тосны газрын орлогч дарга Х.Амраагийн хэлснээр  энэ дөрөвдүгээр  сард  Монгол Улс ОХУ-д 18 мянган тонн АИ 92-ийг захиалснаас 12 мянган тонныг нийлүүлж, зургаан мянган тонныг танасан байна. Түнчлэн 74 мянган тонн дизель түлшний захиалгыг Монголын талаас өгсөн ч ОХУ-аас  35 мянган тонныг Монголд нийлүүлжээ. Ирэх сарын шатахууны нийлүүлэлт буурвал энэ нь газар тариалангийн ажилд бэрхшээл учруулах нь дамжиггүй. Гэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтад зориулж 17 мянган тонн шатахуун нөөцөлсөн гэдгээ илэрхийлж байгаа.  Энэ үнэн бол тариаланчид шатахууны хомсдлоос айх хэрэггүй нь бололтой. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ, аж ахуйн нэгжүүдийн хувьд бензин, шатахуунаа эртхэн нөөцөлсөн нь дээр болов уу. Аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байж гэмээн асуудлыг хохирол багатай туулах нь ойлгомжтой.  Газар тариалангийн ажил тэнгэр хангайн ааш аягаас шууд шалтгаалдаг ч техник, хэрэгсэл бүрэн бүтэн байхаас ажлын үр дүн хамаардаг. Тиймээс газар тариаланчид аа, хаврын тариалалтын ажлаа эхлүүлэхэд бэлэн үү.  Тариалалтын ажил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдэж буйг анхааруулахад илүүдэхгүй биз ээ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж